Оюутнууд дугуйн замын орчныг цэвэрлэв
Хотын амьдрал 4 жилийн өмнө     48    0
Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Оюутны зөвлөлөөс санаачлан нэгдүгээр дамжааны оюутнуудын дунд “Эко явган аялал”-ыг зохион байгууллаа. Энэ удаад оюутнууд зүгээр  нэг явган алхахыг гол зорилгоо болгосонгүй. Тэд энэ удаад “Эрүүл мэндийн зам”-аар явган алхахын зэрэгцээ дугуйн замын хоёр хажуугийн орчин тойрны хогийг түүж цэвэрлэсэн байна. Оюутны зөвлөлийн санаачилсан энэхүү ажлыг тус сургуулийн удирдлага дэмжин, хамтран зохион байгуулж хугас өдрийг идэвхтэй хөдөлгөөнөөр өнгөрөөсөн оюутнуудаа  хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх зөвлөгөө өгч ажлын багаж хэрэгсэлээр хангасан байна. Энэ удаагийн “Эко явган аялал”-д энэ сургуулийн нэгдүгээр дамжааны 200 гаруй оюутан оролцож анги тус бүр 50-60 шуудай хог түүж дугуйн зам дагуух байгаль орчныг цэвэрлэсэн байна. Оюутны зөвлөлийнхөн энэ үеэр ангиудын дунд уралдаан зарлаж дүгнэхийн зэрэгцээ тэдний бүтээлч санал, санаачлагыг дэмжихийн тулд дараагийн бүтээлч ажлын талаарх саналыг нь авчээ. Технологийн сургуулийн оюутнуудын байгаль орчноо цэвэрлэж цуглуулсан хогийг нь Хот тохижуулах газрын ажилчид газар дээрээс нь ачиж оюутнуудтай хамтран ажилласан юм. Тус сургуулийн оюутны зөвлөлийн зүгээс оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хэдий ч зарим үед биеийн чилээгээ гаргах нь зөв хэмээн үзэж бусад сургуулийн оюутнуудыг орон нутгийнхаа хөгжилд чиглэсэн, байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажил зохион байгуулахыг уриалахын зэрэгцээ хамтран ажиллахыг санал болгож байлаа. Л.Гэрэл
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)