Г.Зоригт даргын “хувь заяа” Б.Мягмарсүрэнгийн гарт байгаа юу
Хотын амьдрал 4 жилийн өмнө     49    0
“Эрх баригчид төсвийн мөнгийг хяналтгүй, үр ашиггүй зарж байна. Тухайлбал, сурын талбайн тохижилтын ажил, Нутгийн удирдлагын ордны арын хашаанд байх контейнерүүдийг төсвийн ямар зүйл ангиас зарцуулсан нь тодорхойгүй. Нэг ёсондоо хууль зөрчин, төсвөөс мөнгийг нь гаргачихаад араас нь тендер зарласан дүр үзүүлдэг байдал аймгийн Захиргаа хавиар элбэгшээд байгаа. Тэр бүү хэл дээрх зүйлүүдийн мөнгөө аймгийн төсвийн тодотголд оруулж байгаа зэрэг нь Төсвийн тухай хууль, болон холбогдох хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиж байгаа тул Засгийн газар болон Авлигатай тэмцэх газарт эрх баригчдыг шалгуулна” хэмээн аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс наймдугаар сард албан ёсоор мэдэгдэж байсан. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас манай аймгийн дарга нарыг тодорхой чиглэлийн дагуу шалгасан байдаг. Шалгаад дүгнэлтээ аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгийн нэр дээр ирүүлжээ. Орхон аймгийн Засаг дарга Монгол улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг зөрчсөн гэдгийг Авлигатай тэмцэх газар тогтоогоод холбогдох арга хэмжээ авахыг аймгийн ИТХ, түүний даргад илгээсэн бололтой. Аймгийн Засаг даргыг аймгийн ИТХ-аас томилж, чөлөөлдөг. Энэ үүргийнх нь дагуу Авлигатай тэмцэх газраас Б.Мягмарсүрэн даргад арга хэмжээ авах тухай холбогдох албан тоотыг илгээсэн болов уу. Гэтэл аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн АТГ-аас ирсэн бичгийг нийтэд ил гаргахгүй нууцалж байгаа аж. Чухам Авлигаас ирсэн бичгийг хэзээ ил гаргаж түүнийгээ “чулуу” болгох нь Б.Мягмарсүрэн даргын гаргах шийдвэрээс ихээхэн шалтгаална. Өөрөөр хэлбэл, Г.Зоригт даргын хувь заяаг шийдэх эрх нь өнөөдөртөө Б.Мягмарсүрэн даргын гарт байгаа бололтой. Түүнийгээ хэзээ дэлгэх нь улс төрд өрнөж байгаа АН-ынхны тоглолт, улмаар дараагийн 28 дахь ерөнхий сайд хэн байхаас ихээхэн шалтгаалах гээд байх шиг. Засгийн газар огцорч дээдсүүд хөлөө гэдсэндээ хийн жийлцэж байх зуур манайдаа л томоохонд ордог улстөрчид 2012 оны наймдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд АН тойрсон улс төрийн тогоонд өрнөж байсан нэг талдаа хууль бус ч гэмээр үйл явдлуудын талаар олонд дэлгэж байна. Ерөнхий сайдыг огцруулах чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Г.Тэмүүжин “....Ажил хийх гэхлээр өмнөөс хүн шахах гээд, урдаас тендэр байна уу, энэ асуудлыг тэгж шийдмээр байна гэсээр өнөөдрийг хүрлээ. Зүгээр л ажлаа хийе л дээ. Хувийн ашиг сонирхол нь дэндсэн нөхөд олон байна” хэмээн шүүмжилж байсан. Г.Тэмүүжин, Л.Гантөмөр нар АН дахь “Нэг ардчилал” клубын лидерүүд. Тэдний орон нутаг дахь тэр дундаа манай аймаг дахь залгамжлагч хойч үе нь Б.Мягмарсүрэн даргын тэргүүлдэг “ШАК” клубынхэн. Г.Тэмүүжин гишүүний хэлж ярьж буйгаас харвал манай аймагт явагддаг томоохон тендэр, хөрөнгө мөнгөтэй ажлыг “ШАК”-ынхан авдаг, шалгардаг нь цаанаасаа зохион байгуулалттай хийж байгаа ажил гэхэд буруудахгүй болов уу. Үүний нэг томоохон жишээ нь, “Брэнд шилдэг” компанийг тойрсон асуудал хэлээд өгнө. “Брэнд шилдэг”-ийн ард Б.Мягмарсүрэн тэргүүтэй “ШАК”-ийнхан ажиллаж аймгийн Засаг даргыг “шанаадаж, шахаанд оруулж” байгаа үйлдэл гэлтэй. Манай аймгийн “ШАК”-ынхан төдийгүй АН-ынханы тендер тойрсон явдал саяхан болсон Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын үеэр багахан ч гэлтгүй асуудал үүсгээд авч. Тиймдээ ч Орхон аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн М.Батчимэг ажиллахаар болсон тухай яриа Улаанбаатараас нэгэнтээ хальж Эрдэнэтийн Нутгийн удирдлагын ордон, АН-ын Ардчиллын ордон хавиар нисч байна. Авлигатай тэмцэх газраас мөн аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүхэд хариуцлага тооцож арга хэмжээ авах тухай бичиг ирүүлсэнийг Засаг дарга Г.Зоригт ширээнийхээ нүдэнд хийсэн аж. Гагцхүү Авлигатай тэмцэх газраас ирсэн дээрх 2 бичгээс харвал Г.Зоригт, В.Сумъяасүх нар хууль тогтоомжийг ноцтой байдлаар зөрчөөгүй бололтой. Яагаад гэвэл үнэхээр хууль зөрчсөн нь аюултай байдал үүсгэхээр бол Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгээд улмаар хорьж цагдан шалгах байсан биз. Энэ талаас нь харвал дээрх дарга нарт Захиргааны арга хэмжээ болох “сануулах, донгодох”-д асуудлын учир байгаа. Гэхдээ Б.Мягмарсүрэн даргын хувьд Авлигаас ирсэн бичгийг хэзээ дэлгэх, хэрхэн чулуу болгох нь цаг хугацааны л асуудал болжээ. Н.ТӨР
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)