Манай аймгийн БОЭТ-ийн даргаар тэтгэврийн өвгөн ажилладаг уу
Хотын амьдрал 4 жилийн өмнө     45    0
Энэ мэдээллийг өнгөрсөн долоо хоногт болсон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан дээрээс л мэдлээ. Тэргүүлэгчдийн ээлжит хуралдааны хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт “БОЭТ-ийн өнөөгийн байдал, удирдлага зохион байгуулалт, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, холбогдох газраас өгсөн үүрэг даалгавар, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх Ажлын хэсгийн дүгнэлтийн тухай” багтжээ. Энэ асуудлыг хэлэлцэх үед манай аймгийн БОЭТ-ийн дарга Ч.Цэрэндагва нь аль цагт гавьяаны амралтад гарсан цэргийн тэтгэвэр авдаг хүн болж таарсан юм. Тэрбээр өөрөө энэ тухайгаа “Би 1979 онд 10 дугаар ангиа онц төгссөн. Тэр үед Монгол, Хятадын харилцаа их муу байсан. Бараг л манай хил дээр хятадууд цэрэг, техникээ бөөгнөрүүлээд байсан үе. Тэр жил 10 дугаар анги онц төгссөн хүүхдүүдээс 50 хүүхдийг сонгон авсан. Тэр үед би АУИС-ийн Цэргийн эмчилгээний ангид Увс аймгаас элсэн орж 1985 онд төгссөн. Төгсөөд шууд Зүүнбаянгийн дивизэд 1990 он хүртэл эмчээр ажилласан. 1990 оны намар цэргээс халагдсан. Ингээд би 11 жил цэргийн байгууллагад ажилласан, дээр нь хөдөө орон нутагт олон жил ажилласан учраас цэргийн тэтгэвэрт гарсан юм. Миний цэргийн тэтгэвэр Монгол улсын ямар ч хууль тогтоомжийг зөрчөөгүй болохыг удаа дараагийн шалгалт нотолдог. Одоо би тэтгэвэрээ аваад, БОЭТ-ийн даргын цалингаа давхар аваад явдаг” гэсэн юм. Манай аймаг 100 гаруй мянган хүн амтай. Эмнэлгийн дээд мэргэжилтэй олон эмч бий. Ядаж л эдэн дундаасаа БОЭТ-ийн даргаар тэтгэврийн “өвгөн” биш хөдөлмөрийн чадвартай хүн тавьж чаддагүй юм байх даа. Энэ байдалд нэг талаас Эрүүл мэндийн сайд Н.Удвалын улстөржилт ихээхэн үүрэг гүйцэтгэж сүүлдээ орхончууд бидний эрүүл мэндийн асуудлыг “тэтгэврийн өвгөн”-д даатгуулсаныг хараад айх, гайхах зэрэгцсэнээ нуух юун.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)