Төрийн орон сууны корпорацитай гэрээ байгуулаад иржээ
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     65    0
Аймгийн Засаг дарга болон Тамгын газрын дарга нар Улаанбаатар хотод Төрийн орон сууцны корпорацид ажиллаад иржээ. Энэ үеэр аймгийн удирдлагууд Төрийн орон сууцны корпорациас Орхон аймагт 1000 айлын орон сууцыг барьж эхлүүлэх ажлын гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан байна. Сүүлийн үед манай аймагт орон сууцны барилгажилт эрчимтэй хөгжиж байгаа.  Эрдэнэт хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу 1а, 2а, 7, 7а зэрэг хороолол, “Өнөр”, “Залуус” хотхон, “Төгөл” хороолол зэрэг шинээр баригдаж байгаа хорооллуудад 11000 гаруй айлын орон сууц ашиглалтад орно гэж албаныхан үзэж байна. Үүний нэг нь Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр манай аймагт 1000 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлэх гэж байна. Эхний 300 айлын орон сууцны барилгыг энэ оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн 2015 онд барьж дуусгах юм байна. Харин үлдсэн 700 айлын орон сууцыг 2017 онд дуусгахаар гэрээ хийгджээ. Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмыг баталж, 2013 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон сууц худалдан авч байгаа иргэдэд арилжааны банкуудаар 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн. Харин өнгөрсөн долоо хоногт иргэдэд амины сууц буюу хаус, пентхаус барихад нь банкнаас 7 хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр иргэд заавал Улаанбаатар зэрэг төв суурин газар руу нүүх шаардлагагүй боллоо. Манай аймгийн хувьд “Баян-Өндөр” эко хороололд баригдаж байгаа 200 айлын орон сууцанд орох иргэд жилийн 7 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах бүрэн боломж нээгдэж байгаа юм. Б.Рэнцэнханд
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)