Пуойль: Би мөрөөдлөөрөө амьдарсан
Мэдээ мэдээлэл 5 жилийн өмнө     91    0
Испанийн Каталон үндэстний бахархал “Барселона” багийн ахлагч Карлес Пуойль өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Өдгөө 36 настай Карлес Пуойль энэ зун 1999 оноос хойш өдийг хүртэл 15 жилийн турш хүчин зүтгэсэн “Барселона” багаа орхихоор болсон билээ. Хэвлэлийн хурлын үеэр “Арслангийн зүрх ахлагч” гэгддэг Карлес Пуойль “Би мөрөөдлөөрөө амьдарсан” гэдгээ онцлон хэлжээ. Мөн энэхүү хэвлэлийн хурлын үеэрээ хөлбөмбөгийн ногоон дэвжээгээ орхиж, зодог тайлж байгаагаа албан ёсоор мэдэгджээ Карлес Пуойль 1999 оноос хойш “Барселона” багийн бүрэлдэхүүнд тоглохдоо Испанийн хөлбөмбөгийн дээд лиг “Примера Дивисион”-д зургаа, Европийн хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-т гурав удаа түрүүлжээ. Түүнчлэн Испанийн эзэн хааны цомд хоёр, Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр, Европийн супер цомын тэмцээнд хоёр удаа түрүүлсэн юм. Мөн Испанийн шигшээ багийн хамт 2000 оны олимпийн мөнгө, 2008 онд Европи тивийн аварга, 2010 онд дэлхийн аварга болж байсан юм.   Пуойль “Барселона” болон шигшээ багийнхаа хамт хөлбөмбөгч хүний хүртэж болох бүхий л цом, өргөмжлөлийг хүртсэн юм. Карлес Пуойль зөвхөн Олон улсын хөлбөмбөгийн холбооны “Холбооны цом” буюу Confederations cup тэмцээн, олимпийн аваргын цомгүй зодог тайлж байна. Тэрээр 2000 оны зуны олимпоос мөнгө, 2009 оны Холбооны цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Карлес Пуойль сэтгүүлчдийн сонирхсон ас уултад хариулсан байна.  Түүний яриаг товчлон хүргэе. -Би 19 настайгаасаа эхлэн “Барселона” багтаа хүчин зүтгэсэн. Өдгөө гайхамшигтай амжилтуудын эзэн болсон байна. Хөлбөмбөгчид олон цом хүртэж, олон тэмцээнд түрүүлж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулахыг хүсдэг. Харин би “Барселона” багийнхаа хамт олон цом, түрүү хүртэж, мөрөөдлөөрөө амьдарч, басхүү биелүүлж чаджээ. Мэдээж энэ бүхний эцэст мөрөөдлөө, амьдралаа орхино гэдэг хэцүү байна. Би сайн ярьж чаддаг хүн биш. Ер нь бол ярих дургүй. Гэхдээ та бүхэнтэй ярилцахын тулд хичээх болно гээд Карлес Пуойль хэвлэлийн хурлыг эхлүүлжээ. -Та 36 настай. Төвийн хамгаалалтын байрлалд тоглодог хөлбөмбөгчид 40 нас хүртлээ тоглодог шүү дээ. Багтайгаа үргэлжлүүлэн тоглох бодолгүй байна уу? -Би маш их хичээлээ. Гэвч өвдөгний бэртэл маань асуудал болсон хэвээр байна. Тиймээс зодог тайлахаар шийдлээ. Би “Барселона” багаас хөлбөмбөгчийн карьераа эхлүүлсэн. Харин ирэх зургадугаар сарын 30-нд “Барселона” багийн тоглогч байх хугацаагаа дуусгавар болгоно. -Зодог тайлна гэхээр хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? -Би “Барселона” багаа бүхэлд нь маш их санах болно. Багийнхаа тамирчид анд нөхдөө санана. Үнэнч хөгжөөн дэмжигчид болох куле нараа санах болно. Үнэнч хөгжөөн дэмжигчдээ хэзээ ч мартахгүй. Тэд ямар ч цаг хугацаанд надтай хамт байсан юм шүү дээ. -Зодог тайлсныхаа дараа юу хийхээр төлөвлөв? -Юу хийхийг хүсч байгаагаа л хийх болно. Гэхдээ одоохон дасгалжуулагч хийхгүй. Магадгүй ирээдүйд өөр улс оронд дасгалжуулагч хийхийг үгүйсгэхгүй. -Таны “Барселона” баг тавдугаар сарын 18-ны бямба гаригт лигийн аваргын төлөөх тун чухал тоглолт хийх гэж байна. Тоглолтын өмнө та юу хэлэх вэ? -Энэ амралтын өдөр бид цом өргөж чадна гэж найдаж байна. Мэдээж би тоглож чадахгүй. Гэхдээ энэ цомыг хүртэж, дасгалжуулагч Титогийнхоо гэгээн дурсгалд зориулахыг хүсч байна. Би дасгалжуулагч Херардо Мартинотой “Бид цомын төлөөх тулаанд тэмцэх ёстой” гэдэг талаар ярилцсан. - “Барселона” энэ улирлыг тун тааруу өнгөрөөлөө. Багийнхаа ирээдүйд санаа зовж байна уу?   -Миний хувьд хөлбөмбөгийн ногоон дэвжээ төгсгөл байж болно. Харин манай багийн залуусын хувьд үгүй. Манай багийнхан залуу байна. Маш их эрч хүч байна. Авьяас чадвар байна. Тэгэхээр тэдэнд ялалт, цом, түрүү тун ойрхон байгаа. -2011 оны “Аваргуудын лиг”-ийн цомыг Эрик Абидальд өргүүлсэн. Үүгээр таныг ямар агуу хүн бэ гэдгийг дэлхий нийт мэдсэн. Та яагаад тийм шийдвэр гаргасан юм бэ? -Эрик Абидаль “Аваргуудын лиг”-ийн цомыг өргөсөн нь миний “Барселона” багт 15 жил хүчин зүтгэсний хамгийн агуу мөч. Тэр цомыг өргөх бүрэн эрхтэй хүн. -“Барселона” баг дасгалжуулагчаа солино гэсэн мэдээлэл их гарах боллоо. Та хэнийг дасгалжуулагчаар ирээсэй гэж хүсч байна вэ? -Луис Энрике бол сайн дасгалжуулагч, миний сайн найз. Луис Энрике маш сайн хөлбөмбөгчдийг бэлтгэн гаргадаг. Энэ бол Энрикегийн маш гайхамшигтай ур чадвар. Луи ван Гаал бол миний хамгийн чухал дасгалжуулагч. Намайг өөрчилж, өдий зэрэгт хүрсэн хүн. Ван Гаал тамирчдаасаа илүү ихийг цаг ямагт шаардаж байдаг. -Та Испанийн “Реал Мадрид” багийн домог Раультай нэг багт тоглох уу? -Би Раультай утсаар ярьж, дахиж хөлбөмбөг тоглохгүй гэдгээ хэлсэн. -Та тэгвэл “АС Милан” багт тоглох уу? -Та испани хэл ойлгодоггүй юм уу? Би “Барселона”-гаас өөр багт хэзээ ч тоглохгүй. Ийнхүү “Барселона” багийн домогт ахлагч Карлес Пуойлийн хэвлэлийн хурал дууссан байна. Карлес Пуойль 178 см өндөртэй төвийн хамгаалагч. Гэсэн ч байрлалаа зөв авч, толгойгоороо маш сайн тоглодог учир Карлес Пуойлийг агаарт хэн ч илүүрхэж байгаагүй. Жижигхэн биетэй төвийн хамгаалагч Карлес Пуойль албан ёсны 587 тоглолтод оролцож, 18 гоол оруулсан байна. Б.БИЛЭГ
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг