Аймгийн удирдлагууд хэвлэлийн “гол дүр” болцгоож байна
Онцлох мэдээ 5 жилийн өмнө     44    0
Аймгийн удирдлагууд болох Засаг даргын орлогч Д.Энхбат, Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг нарын хооронд багагүй асуудал үүсч, өнөөдөр хэвлэл мэдээллийн “гол дүр” болоод байгаа юм. Д.Энхбат төрийн албан хаагч Б.Батхуяг ажлын байран дээр архидан согтуурсан гэсэн мэдээллийг аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнийг удирдах үеэрээ мэдэгдсэн. Үүний эсрэг Б.Батхуяг мөн мэдээлэл хийлээ.          Аймгийн Засаг даргын 2014 оны зургаадугаар сарын 9-ний даваа гарагийн шуурхай зөвлөгөөний төгсгөлд засаг даргын орлогч Д.Энхбат нэгэн мэдэээлэл хийсэн юм. Тэрбээр “Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг зургаадугаар сарын 3-нд ажлын байран дээрээ архидан согтуурсан, маргааш нь буюу 4-нд ажил тасалсан. Энэ тухай өөрт нь мэдэгдэхэд хүлээж авахгүйгээр үл барам төрийн албан хаагчийн ёс зүйлд нийцэхгүй үйлдэл гаргасан. Манай тамгын газар архигүй хамт олон. Архины тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй Хууль зүйн хэлтсийн дарга өөрөө ийм ёс зүйгүй үйлдэл үзүүлсэн. Улмаар тавьсан шаардлагыг хувийн өс хонзонгийн байдлаар эргүүлж миний Герман улсад ажилласан ажлыг зугаа цэнгээн эргүүлж яваад ирсэн гэдэг мэдээллийг нийгэмд цацсан. Иймээс би аймгийн Төрийн албаны зөвлөлд хандсан. Өөрийн зүгээс Герман улсад ажилласан тухайгаа ч шалгуулна. Мөн аймгийн ЗДТГ-ын Ёс зүйн хороонд энэ хүнийг шалгуулна. Бид энэ хүнийг төрийн албан хаагч болгож авах гэж, өөрсдийнхөө эгнээнд нэгтгэх гэж 1.6 жил оролдлоо. Болдоггүй юм гэж болдоггүй л юм байна. Иймээс энэ хүний гаргасан үйлдлийн талаар холбогдох шугамаар нь асуудлыг тавьсан. Түүнийхээ эцсийг ч үзнэ. Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу энэ хүнд ажлаас халах хүртэл арга хэмжээ авагдах байх.гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг орлогч дарга Д.Энхбатын хийсэн мэдэгдлийн талаар тайлбар хийлээ. Б.Батхуяг дарга хэлэхдээ “Би тангараг өргөсөн төрийн албан хаагч. Надад ажлын цагаар ажлын байран дээр архи уусан зүйл байхгүй. Зургаадугаар сарын 3-нд би ажлаа хийгээд, эрүүл саруул байсан. Тэр үед аймгийн Засаг дарга гадаад явах гээд түүнээс өмнө амжуулах ажил их байсан. Маргааш нь ч ялгаагүй ачаалал ихтэй ажилласан. Г.Зоригт дарга дөрөвний үдээс хойш хот явсан. Тэгэхлээр намайг ажлын цагаар архи уусан уу, ажил тасалсан уу гэдгийг Г.Зоригт дарга сайн мэднэ. Би Засаг даргыг ирэхлээр албан ёсны тайлбар мэдээлэл хийнэ. Асуудал юунаас үүдэлтэй вэ гэхлээр Засаг даргын захирамжнаас. Хэдийгээр Г.Зоригт дарга эзгүй хойгуур түүний орлогч Д.Энхбат дарга ажил үүргийг нь орлож байгаа. Гэхдээ тэрбээр Г.Зоригт даргыг эзгүй хойгуур газартай холбоотой захирамж гаргахыг шаардсан. Засаг даргын зүгээс гарч байгаа захирамж хууль эрх зүйн талаасаа чадамжтай, шүүх дээр унадаггүй байх, улмаар хууль зөрчихгүй байх тал дээр Хууль зүйн хэлтэс, түүний дарга үүрэг хүлээдэг. Гэтэл Д.Энхбат даргын зүгээс өөрийн ашиг сонирхолтой холбоотой захирамж гаргахыг шаардсан. Миний хувьд газартай холбоотой захирамж дээр Г.Зоригт дарга гарын үсэг зурах ёстой гэсэн тайлбар өгсөн. Ийм л юм болсон” гэсэн юм.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг