Ц.Мөнхцэцэг: Франц иргэний орчуулагч нь Эрдэнэтийн хүн гэдэг мэдээлэл огт худал шүү
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     303    0

             Аймгийн Онцгой комисс хуралдаж орон нутгийн хэмжээнд авах арга хэмжээний талаар танилцуулсан. Улсын Онцгой комиссоос хот хоорондын авто замыг гуравдугаар сарын 16-ны 07.00 цаг хүртэл хаах шийдвэр гаргаад байгаа. Яаралтай тохиолдолд эмнэлэгт хэвтэх, төлөвлөгөөт хагалгаа хийлгэх тохиолдод иргэд хаана, хэнд хандах, ямар байгууллагаар асуудлаа шийдүүлэх талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэгээс дараахь тодруулгыг авсан юм.

-Эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот болон бусад газарт явах шаардлагатай бол заавал 13 А маягт авах уу, аль эсвэл өрхийн эмчээсээ бичиг хийлгэж аваад л болох уу?

-Өрхийн эмнэлгээс өгдөг өвчтөн илгээх бичиг хот хоорондын замд нотлох баримт болохгүй. Харин нарийн мэргэжлийн  эмч нарын өвчтөний оношлогоог баталсан 13-ын А маягтыг авна, дээр нь БОЭТ-ийн захирлын дагалдах тамга, тэмдэг бүхий албан бичигтэй бол хот хоорондын замаар зорчих нотлох баримт болно. Манай иргэд хэн нэг хүн нь 13-ийн А маягттай бол түүнийг дагаад 4-5 хүн нэг машинд суучихаад хот явчихна гэж ойлгоод асуудалд ханддаг. Энэ нь нөгөө талдаа асуудлыг улам хүндрүүлж байгаа хэрэг. 13-ын А маягттай, зайлшгүй тохиолдолд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэх шаардлагатай өвчтөнийг асран хамгаалагчийн хамт нотлох баримтыг үндэслэн зам нэвтүүлнэ. Хүүхэд байвал, түүний асран хамгаалагч нь эцэг, эх нь байна. Түүнээс нэг бичгээр 4-5 асран хамгаалагч нэвтрэнэ үзэж болохгүй.

-Цахим орчинд франц иргэний орчуулагч нь Эрдэнэтийн хүн байсан. Тэр ээжтэйгээ золгох гэж Эрдэнэт орсон. Иймээс ээжийг нь тусгаарлаад байна гэсэн мэдээлэл яваад байна. Энэ үнэн юм уу?

-Худлаа мэдээлэл байна. Франц иргэний орчуулагч нь Эрдэнэтийн хүн биш. Энэ бол огт худал мэдээлэл. Ойрын хавьтал нь гэсэн мэдээлэл бол огт худал мэдээлэл шүү. Өнөөдөр тусгаарлалтад нэг хүнийг Халдвартын тасагт авсан. Найман хүнийг ажиглалтад аваад байгаа. Эдгээр хүмүүс бол ойрын хавьтлууд биш. Хоёр, гурав дахь хавьтлууд юм.

-Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд францын иргэнтэй цуг гуравдугаар сарын 2-нд Монголд ирсэн. ДЭМБ-ынхан хөдөө орон нутаг тэр дундаа Дархан, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллаж сургалт зохион байгуулсан гэх мэдээлэл байна. Тэдгээр мэргэжилтнүүд манай аймагт ирж сургалт зохион байгуулсан юм уу?

-Францын иргэнтэй хамт нэг онгоцоор ирсэн гэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд манай аймагт ирж сургалт зохион байгуулаагүй. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч, Шадар сайдын хамтаар манай аймагт хоёрдугаар сарын эхээр ирж ажилласан. Түүнээс биш тус байгууллагын мэргэжилтэн саяхны хугацаанд манай аймагт ирж ажилласан, сургалт зохион байгуулсан зүйл байхгүй

-Украйн улсын нэг иргэн манай аймагт байгаа. Тэр хүн бас францын иргэнтэй хамт нэг онгоцоор зорчиж ирсэн тухай ярьж байна. Энэ хүний талаар тодруулна уу?

-Өнөөдрийн байдлаар “Covid 19” халдвар дэлхийн 109 оронд бүртгэгдээд байгаа. Түүний нэг нь Украйн улс. Тэнд халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн ч нас баралт гараагүй. Гэхдээ бид халдвар тархсан орноос ирсэн учраас тус улсын иргэнийг ажиглалтад аваад байгаа. Тухайн хүнд ямаг нэг шинж тэмдэг, зовиур илрээгүй. Ажиглалтын байдалд 14 хоног хянана. Өнөөдрийн байдлаар манай аймагт ажиглалтад 8 хүнийг,  нэг иргэнийг тусгаарлалтад аваад байгаа. Нийт 9 хүнээс 4 сорьцыг авч ХӨСҮТ-д илгээгээд байна. Хариу нь нөгөөдөр өглөө буюу 24 цагийн дараа гарна.

-Ойрын хавьтал гэдгийг тодруулна уу?

-Тухайн батлагдсан болон сэжигтэй тохиолдолд бүртгэгдсэн нөхцөлд тухайн хүнтэй нэг метрээс дотогш тохиолдолд харьцсан хүнийг ойрын хавьтал гэж үзэж байгаа. Вагонд бол купейнд цуг явсан хүн, автобусанд бол хамт явсан зорчигчид, онгоцонд бол тухайн хүний суусан суудлын урд талын 3 эгнээ, хойд талын 3 эгнээ, хоёр хажуугийн гурав гурван эгнээг ойрын хавьтал гэж үздэг. Эдгээр ойрын хавталууд нь эмнэлгийн тусгаарлалтад байна. Бусад хоёрдогч, гуравдагч, дам хавьтлуудыг гэрийн тусгаарлалтад авдаг журамтай. Гэсэн хэдий ч аймгийн Онцгой комиссоос хоёр, гурав дахь хавьтлын иргэдийг ажиглалтын байранд авч ажигла гэсэн шийдвэр гаргасан учраас дээрх 8 хүнийг эрүүл мэндийн байгууллагын ажиглалтын байранд аваад байна.