Шүүхээс 07 тоот тогтоолыг хүчингүй болгочихлоо, Тэргүүлэгчдийн шийдвэр хүчинтэй юү
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     373    0

Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны 07 тоот тогтоол Захиргааны хэргийн шүүх дээр унаж албан ёсоор хүчингүй болжээ. 

Энэхүү 07 тоот тогтоол нь  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох тухай байсан юм. Анхдугаар хуралдааны тухайн үеийн үйл явцаас ажиглахад “Тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах. Олонхи болох МАН-аас 9, АН-аас 2 тэргүүлэгч байх”-аар санал оруулж шийдвэрлэсэн эл тогтоол хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус болж байна.  

Бүр цаашилбал, аймгийн ИТХ-ын 07 тоот тогтоол хүчингүй болсноор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хувьд, Тэргүүлэгчдээс гарч байгаа шийдвэрүүд ч хууль зүйн хувьд асуудал дагуулж эхэллээ.

Энэхүү 07 тоот тогтоолыг хууль бус гэж үзээд түдгэлзүүлэх улмаар хүчингүй болгуулах талаар АН-ын зүгээс  Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Анхан шатны шүүхээс АН-ын хүсэлтийг Хэрэгсэхгүй болгож 13 тоот захирамж гарган шийдвэрлэсэн юм. Гэсэн ч АН-ын зүгээс эл асуудлаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд ханджээ. Давж заалдах шатны шүүх асуудлыг хянан хэлэлцээд

  1. “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 13 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхуягийн гаргасан гомдлыг хангасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар энэ тогтоол эцсийн шийдвэр болно” хэмээн тогтоосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны хоёрдугаар сарын 5-ны 101 тоот тогтоол аймгийн ИТХ-ын 07 тоотыг хүчингүй болгочихлоо. Ингэснээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хууль эрх зүйн хувьд эрх зүйн чадамжтай юу гэдэг асуулт гарч байна. АН-ынханы хувьд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдах, шийдвэр гаргах эрхгүй гэж үзэж байна.

Нэгэнт шүүхээс эцсийн шийдвэр энэ гээд алх цохисон байхад түүнийг биелүүлэх үүрэг нь аймгийн ИТХ-д байгаа. Шүүхийн тогтоол, шийдвэрийг биелүүлэх нь төрийн байгууллагын үүрэг. Шүүхийн шийдвэр биелүүлэхгүй бол ямар нөхцөл байдал үүсч болохыг бид саяхан харсан. Шүүхээс аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүг шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй болохоор нь шүүгчийн захирамжаар ажлаас нь түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр биелэгдсэний дараа Д.Соёлчхүүг эргүүлэн ажилд нь томилох тухай шүүгчийн захирамж гарч билээ. Үүнтэй адил зүйл болж аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга, Хурлын даргатай холбоотой Шүүгчийн захирамж, тогтоол, шийдвэр гарах уу түүнээс өмнө 07 тоот тогтоолоо эргэн харах уу гэдэг сонголт аймгийн ИТХ дахь олонхийн бүлэг буюу МАН-ынханд үлдээд байна.