Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгааг мэдэж байна уу, дарга нар аа
Нийгэм, Улс төр 2 сарын өмнө     179    0

Монголчууд жилийн 365 хоногийн гурав хуваасны нэгийг ямар нэг баяр ёслол, арга хэмжээний байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Өнөөдөр “Даргаа загнах өдөр” тохиож байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ оны хоёрдугаар сараас эхлэн сар бүрийн сүүлийн 7 хоногийн мягмар гарагийг Монгол улсын хэмжээнд “Даргаа загнах өдөр” болгон өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Энэ өдөр ажилтандаа загнуулсан дарга маргааш нь хариу авах ч юм уу нэгийг бодож нөгөөг сэтгэвэл тэр даргыг “Ёс зүйн хороо”-гоор оруулж арга хэмжээ авч болох тухай ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлж байсан. Иргэдэд олдсон ганц өдөр энэ л байх. Хэвлэл мэдээллийнхэн ч энэ өдрийг сард нэг удаа ашиглаад авахад буруудахгүй.

Эрдэнэт хот, Орхон аймагт сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч байна. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнэ арай л байна. Манай дарга нар хоногийн 24 цагийг тэр чигт нь цахимд өнгөрөөдөг, цахимаар амьсгалж, амьдардаг хүмүүс иргэдийн чөлөөт индэр болсон тэрхүү сүлжээнээсээ мэдээлэл авч байгаа байлгүй. Адаглаад л нийслэлд нэг кг нь 4800-5000 төгрөгийн үнэтэй байдаг алим /ногоон, улаан/ Эрдэнэт хотод 12-14 мянган төгрөгийн үнэтэй байна. Хүнсний ногоо энэ тэрийг бол ярих ч хэрэггүй. Худалдан борлуулж байгаа дэлгүүрийн худалдагчид асуудал байхгүй. Ажлаа л хийж байгаа. Гэхдээ худалдагч гэсэн үгийн язгуур нь “худал” гэдэг үг байдгийг бодоод үзэхэд нэг их илүүдэхгүй.

Харин иргэдийн төлөө, худалдан авагчийн төлөө ажилладаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нөхөр хаагуур, юу хийгээд явна вэ. Аль эсвэл аймгаас өгдөг 500 мянган төгрөгийн цалингаа чамлаад алга болсон уу. Үгүй бол үнэ нэмээд байгаа нөхөдтэйгээ нэг талд багтсан уу. Ойрмогхоны нэг удаагийн аймгийн Засаг даргын шуурхай дээр нэг дарга “Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт үүсээгүй” гээд л авч байна билээ. Өнөөдөр өдөр тутам хэрэглэдэг 9-ийн тос зарим нь нэр төрлөөсөө шалтгаалаад 7900 төгрөг хүрчихээд байгааг тэр дарга үнэхээр мэдэрсэнгүй. Үнийн өсөлтөд жирийн иргэд, ажилгүйчүүд, гэр хорооллынхон, хүнсний талоноор амьдардаг хүмүүс илүү их өртдөг. Ядаж байхад манайд хэрэгжиж байгаа хүнсний талоны байгаа царай үнэхээр хэцүү. Хүнсний талонд хамрагдсан том хүнд сард 16 мянга, хүүхэд 8 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүн авна. Нэг хэсэг овоо нэмсэн байснаа Засгийн газар саяхнаас хасчихсан. Өрх гэр 6 ам бүлтэй, том хүн хоёр, хүүхэд дөрөв гэж үзвэл сард 64 мянган төгрөгийн бараа авна. Өдрөөс  өдөрт хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөөстэй. Гэр хорооллынхон 9-ийн тосоо 50 граммаар, талхаа таллаж авдаг, дэлгүүрийн өрийн дэвтэр зузаарсан энэ цагт хүнсний талон ч өлөн зэлмүүн байдлаас нэг их хол алхуулахгүй нь. Адаглаад л нөөцийн махаа хар даа.  Дарга нар “Манай нөөцийн мах Дарханаас хямд байгаа” гэж ирээд л авч байна билээ. Гэтэл манай нөөцийн мах Улаанбаатарынхаас төрөл бүр дээрээ дор хаяж 1000 төгрөгөөр илүү байна. Дарханаас ирж байгаа талхны үнэ байсгээд л нэмэгдсэн ирдэг. Цаанаасаа ирж байгаа үнэ нь өндөр, 100 төгрөг л нэмж байгаа шүү дээ гэж зогсох худалдагчийн байдал Эрдэнэтийн энэ хаврын бодит дүр зураг. Шударга өрсөлдөөнийг бий болгох, хэрэглэгч, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, хянах мэргэжлийн байгууллагууд нь цар тахлын үед биеэ гамнаад гэрээсээ цахимаар ажиллаж байгаа бололтой. Дарга нар минь албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байгаа ч айл өрх гэрт амьдрал үнэхээр хүнд байгааг Даргаа загнах энэ өдрөөр та бүхэндээ дамжуулж байна.