Хөл хорио шагчдыг ч айлгаж, ичээхгүй байна
Мэдээ мэдээлэл 7 өдрийн өмнө     91    0

Аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын эхний 10 хоногоос хойш дэглэмийг чангатгаж хөл хорио тогтоосон. Эрдэнэтчүүд хөл хорионд байгаа гэж бодож амьдарч байгаа. 

Гэтэл шөнө дүлээр шагийн архи гэрт нь хүргэдэг үйлчилгээ, шагчдыг дийлэхгүй байна гэж үү. Аймгийн удирдлагууд хөл хорионы үеэр архи, пиво, сархад, улаан дарс гээд юу байдаг бүхнийг нь хатуу хорьсон. Ар талд нь нэг хэсэгтээ л шагийн архи, шагчид цэцэглэсэн. Цагдаагийнхан энэ тал дээр ажиллаж байгаа ч шагчдын арга улам нарийсч, бүр цаашлаад шагийн архи хаалгаар биш тагт, цонхоор орж ирж байна. Хүн төрөлхтөн нийгэмшсэн тэр цагаас л архи хамт байсан болов уу. Хамгийн сүүлд л гэхэд хувьсгалын дараахан 1927 оноос пиво буюу шингэн талхыг албан ёсоор үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Таргийн таван үнээтэй, саалийн хэдэн богтой айл бол зуны цагт тогоо бүрхээр нийлүүлдэг, шимийн архи нэрдэг ардын уламжлалт технологитой болсон байсан.

Энэ цар тахлын үед дэлхий дээр архийг хорьсон таван улс байдгийн нэг нь Монгол. Нөгөө дөрөв нь хар тивийн буюу Африкийн орнууд. Аливаа зүйлийг хэтэрхий хорих нь өөрөө эргээд сэдэл төрүүлдэг гэдгийг сэтгэл зүйн шинжлэх ухааныг бага ч гэсэн заалгасан “сэхээтнүүд” бол  мэдмээр. Өнөөдөр дэлхий дээр архинд живээд, сүйрсэн улс орон гэж нэг ч байхгүй. Харин архийг хориод улсаа мөхөөх шахсан улс орон бол мэр сэр бий. Тухайлбал, АНУ-д 1920-иод оны үед “Хуурай хууль” гэгчийг гаргаж байлаа. Бид Туркийн уран сайхны “Көсем” гэдэг киног үзсэн. Хаан нь архи дарсыг хорьдог. Ингэж хорьсон ч хамгийн хатуу, чанга дэглэмтэй шашинтай орон ямар хүнд нөхцөлд орж байгааг харсан байх. Тиймээс хүчээр, тушаал шийдвэрээр архийг хорьдог нь цаанаа сөрөг үр дагавар төрүүлж байна. Түүний хамгийн наад захын жишээ нь шагийн архи, шагчид. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорио өнөөдөр шагийн архи, шагчдыг ч хорж, цагдаж дийлэхгүй байна.

Өнөөдөр манай улсад спиртын 7, шар айрагны 19, архины 57, дарсны 10 аж ахуйн нэгж байдаг юм байна. Дээрх 93 аж ахуйн нэгжийн хувьд манай улсын хамгийн том татвар төлөгчдийн нэг хэсэг нь. Бизнес эрхлэгч буюу татвар төлөгчдөө төр, засаг  хааж боохоо л сайн мэднэ. Хамгийн сүүлд л гэхэд дөрөвдүгээр сарын 10-нд хөл хориог чангатгахад аймаг, орон нутгийн удирдлага архи, согтууруулах ундааг тас хорьсон. Харин Улаанбаатарт 18 градусаас доошхийг нь хааж, боогоогүй. Өөрөөр хэлбэл, пиво, дарсыг худалдаалж байгаа. Нэг ширхэг пиво, дарс худалдсан бол Онцгой албан татвар нь төрд орж байдаг хуультай орон. Уг нь хэм хэмжээтэйгээр зарж борлуулаад төр, засаг Онцгой албан татвараа аваад түүгээрээ эрүүл мэндийн салбарт тун хэрэгтэй байгаа гэнц ч гэсэн тун вакцинаа авах нь эрүүл үзэгдэл. Манай аймгийн удирдлага тун саяхан түргэвчилсэн шинжилгээний сорьц авах  өмнгө хөрөнгөгүй байгаа, байгууллага аж ахуйн нэгж  одоо өөрсдөө сорьцоо худалдаж авна шүү гэж анхааруулж байсан удаатай. Эндээс хартал бидний ад үздэг архи дарснаас ч Онцгой албан татвар гэж төрд ордог мөнгө эргээд хэрэгтэй газраа дусал тариа шиг хэрэгтэй эд. Гэтэл өнөөдөр шагчдын нэг дахин илүү үнээр зарж борлуулж олсон орлого татвараас маш сайн бултаж байна. Харин түүнийхээ оронд хатуулаг энэ тэр тал дээр анхаарч адаглаад л пиво, дарсыг нь зараад татвараа авбал төр засагт бага ч гэсэн татварын мөнгө төвлөрөх ч юм билүү.  Архичинтай тэмцэж байгаа нь энэ гээд архи ,дарсыг нь хаахыг хамгийн түрүүнд бодож олдог өнөөгийн арга барил коронагийн үед үнэндээ цагаа олохгүй байна.