Хумсны толион чинээ цаасны төлөө иргэдийг чирэгдүүлж байна
Мэдээ мэдээлэл 25 өдрийн өмнө     192    0

УОК-иос “...тавдугаар сарын 22-ноос эхлэн хөдөө орон нутагт зорчих иргэд вакцины 2 тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон бол хөдөлгөөнд оролцож болно” хэмээн мэдэгдсэн. 

Гэтэл манай аймагт УОК-ын энэ шийдвэр хүчингүй байдаг ажээ. Аймгийн Онцгой комисс Эрдэнэт хотоор дайран өнөгрч байгаа бусад аймаг, орон нутгийн машин, өөрийн аймгийн машин, иргэдийг заавал Erdenet.mn-д бүртгүүлж зөвшөөрөл авна. Хариу зөвшөөрөл нь ирсэн бол нэвтрүүлнэ гээд иргэдийг ёстой нэг чирэгдүүлэх шиг болж байна. Хүнд суртал энэ тэр бол юу ч биш. Баруун, зүүн тийшээ нэвтрэх гэсэн машин, иргэд Оросын булагийн постон дээр аймгийн Онцгой комиссын шийдвэрээс болж 1-2 цаг саатах нь юу ч биш болжээ.

“Вакцины 2 тунгаа хийлгээд 20 хоночихсон, бичиг нь энэ байна” гээд үзүүлэхэд “Энэ чинь огт хамаагүй, Erdenet.mn-д бүртгүүлж зөвшөөрлөө ав”гээд иргэдийг чирэгдүүлж байна. Нөгөөх алдарт “Erdenet.mn”нь  гацаж тасалдаад л иргэдийн уур бухимдлыг үнэхээр төрүүлэх юм. Энэ сайтад бүртгүүлсэн, явах зөвшөөрлөө авсан иргэд нь өмнөх хүмүүсийн асуудлыг шийдтэл дугаарлаж хүлээнэ. Арай л байна дарга нар аа.  Бид Булган аймаг, бүр цаашлаад Хутаг-Өндөр сум хүртэл явсан. Хоёр ч пост байна. Машины цонхны шилний цаанаас тодорхой зайнд харьцаж байгаад бичиг баримтыг маань үзээд “Та аян замдаа сайн яваарай. Хурдаа тохируулж яваарай. Сайн яваарай” гэсэн сайхан монгол үгээр хол ойрын аянчин, гийчдийг үдэж байна, цаана чинь. Манай аймгийн Онцгой комисс гэж яачихсан нөхдүүд байдаг, ажилладаг юм бол. Хаана, хорино, зөвшөөрөл байх ёстой, гаргахгүй, оруулахгүй гээд л тэс хөндлөн хэвтчихнэ. Тэнд ажиллаж байгаа цагдаа нар нь зориудаар ард түмнийг турхираад ч байгаа юм шиг. “Вакцины 2 тунгаа хийлгээд 20 хоночихсон. Булган аймагт үүнийг үзүүлээд шууд нэвтэрч байна” хэмээхэд “ Тэр надад хамаагүй. Аймгийн онцгой комисстоо л хэл” гээд таг зогсооно. Гэхдээ танил тал, дарга нарын машинууд хажуугаар шууд нэвтэрнэ. Ямар машиныг нь явуулаад ямарыг нь зогсоогоод байгаа юм бэ хэмээсэн иргэний асуултад “ Дарга нар байна, Албан томилолттой хүн явж байна” хэмээн ам таглана. Ийм л дүр зураг Оросын булагийн зүүн суганд өнгөтөөр өрнөж байна.

“Энэ Эрдэнэтийн дарга нар ямар хөлдүү юм бэ. Өнөөдөр Улаанбаатараас гарлаа ганцхан танай Эрдэнэтэд л ингэж хүнд суртал гаргаж байна. Юун бүртгэл вэ. Эрдэнэтийн ОРК-ууд, новшнууд” гээд л амандаа үглэх, янших. Нутаг орны нэр хүнд тэр газарт бол шалан дээр унаастай.

Хамгийн инээдтэй нь тэрхүү постоор нэвтрэх зөвшөөрөл нь хумсны толион чинээ цаас. Энэхүү дөрвөлжин дэвтрийн цаасны тасархай үнэхээр Үнэ цэнэтэй эд бололтой.  Тэр жижигхэн цаасыг замын цагдаад өгнө. Өнөөх цагдаа нь түүнийг аваад халаасандаа хийгээд постоор нэвтрүүлнэ. Ийм л ажил хийх гэж Оросын булагийн пост иргэдийг бухимдуулж, чирэгдүүлж байна. Халдвар хамгааллын дэглэм, энэ тэр бол сонин биш. Ер нь тэгээд ч Орхон аймаг, Эрдэнэт хотод халдварын тохиолдол буурахгүй байгаа. Үүнд аймгийн Онцгой комиссынхон ч буруутай. Тэдний гаргасан шийдвэр заавал бөөгнөрөл үүсгэнэ. Тэдний шийдвэрээс болж бөөгнөрөхгүй байхын арга алга. Аймгийн онцгой комиссын дарга нар постон дээр ажиллаж байгаа нөхдийн ажлын уялдаа холбоо гэж байхгүй. Дор бүрнээ л том том эрх мэдэлтэй мундаг хүмүүс байх гээд л. Одоо нэг их удалгүй постон дээр мөнгө төлөөд л ороод ирлээ гэдэг яриа гарвал гайхахгүй нь бололтой. “Тэнд авлига оччихжээ” гэж л харахаас.