Зам хааж байгаад замын хажуугийн моддыг “хядаж байна”
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     270    0

Эрдэнэтийн төв гудамж, нэг хоёрдугаар хорооллын төв замыг хаагаад нэлээн хэд хонож байна. Зам засварын ажил хийж байгаа юм болов уу гэж эхэндээ бодож суусан. Гэтэл өнөөдөр тэнд татсан улаан туузыг өнгийгөөд хартал хоёрдугаар хорооллын 10 дугаар байрны арын зам дагуух моддыг хөрөөдөөд машинд ачаад аваачаад хаяж байна. Нэг үгээр хэлбэл, зам хааж байгаад замын хажуугийн моддыг хядаж байна. 

Энэ жил Ардын хувьсгалын 100, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 100, Эрдэнэт хотын 45 жилийн түүхт ой тохиож байгаа. Энэхүү хядагдаж байгаа моддыг Эрдэнэт хотыг, Эрдэнэт үйлдвэрийг барьж бүтээн байгуулсан илгээлтийн эзэд, эвлэлийн залуус эх оронч үзлээр “Коммунист субботник” хийж байгаад тарьж ургуулсан түүхтэй. Гэтэл Илгээлтийн эздийн тарьж ургуулсан, эвлэлийн гишүүдийн арчилж тордсон тэр сайхан моддыг өнөөдөр цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж унагаад, хожуулыг нь хүчит техникээр булга татан авч байгааг Коронатай зуны бүтээн байгуулалтын ажил гэж  ойлгох уу. Эвлэлийн анхдагчид, илгээлтийн эзэд болсон ахмадууд маань  Цэцэрлэгт хүрээлэнд 100 жилийн ойдоо зориулж дурсгалын хөшөө барьж байгаа. Эсвэл тэдэнд  “Та нар тэнд тарьж ургуулсан хогоо ав. Энэ хэдэн мод чинь одоо бидэнд хэрэггүй. Хог новш болсон хэдэн ургаа модоо ав” гээд хэлчихсэн бол ахмадууд ядаж л “хаая хүүе, энээ тэрээ” гээд хүрз, жоотуугаа бариад гүйж харайх байсан даа. Ядаж л хийж байгаа хөшөөнийх нь ойр орчимд энэ хэдэн моддыг зөөгөөд суулгах ажлыг хийсэн бол ахмадууд ямар их баярлах бол. Бид өнгөрсөн үеэ гар буугаар буудахдаа үнэхээр гаргуун улс юм. Харин ирээдүй эргээд биднийг их буугаар буудаж мэдэхийг ухаарахгүй нь.

 Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн асуудал хариуцсан Орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай, Байгаль орчин мод бут, сөөг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбар нэгжтэй манай аймагт бүтээн байгуулалт нэрээр замын хажуугийн өндөр моддыг хөрөөдөөд хаяж байгааг нь харахад орон нутаг эзэнгүй, удирдлагагүй болсон мэт санагдана. Энэ хавар Бүх нийтийн мод тарих өдрийн үеэр аймаг, орон нутгийн удирдлага “Орос Монголын хилийн бүсээс 100 мянган ургаа мод нүүлгэн шилжүүлж хотдоо нутагшуулна” гэж байсан удаатай. Гэтэл өнөөдөр хотын төвд нь ахмадуудын бий болгосон, ургуулсан моддыг хөрөөдөөд хогийн цэг дээр аваачиж хаяж байгааг манай дарга нар мэдээгүй суух гэж үү.

Орчин цагт техник технологи өндөр хөгжсөн. Уулыг нүхлээд зам тавьж, өргөн замыг сүвлээд утас татаж байхад хэдэн сайхан ургаа модыг үндсээр нь ухаж байгаад өөр газар суулгаад авчих тийм сэтгэлтэй дарга, ажилтан, Эрдэнэт хүн гэж алга, манай хотод.  Ургаа модыг хөрөөдөөд үндсийг нь ухаж аваад хаях бүтээн байгуулалтын албан ёсны нэр нь “Уурхайчин 1,2,3 хорооллын гадна шугам дэд бүтцийн ажил” нэртэй юм байна. 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд эхлээд есдүгээр сарын 15-нд дуусах хугацаатай ажил гэнэ. Бүтээн байгуулалтын ажлын захиалагч, гүйцэтгэгчдийг буруутгах арга үнэндээ байхгүй. Харин манай аймгийн удирдлага хийгээд Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж ОНӨҮГ-ын дарга Х.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан нар энэ хэдэн модыг зөөж шилжүүлээд суулагчихгүй яав даа гэж эрдэнэтчүүд гайхаж байна. Эсвэл энэ моддыг тарьж ургуулсан илгээлтийн эзэд, анхдагчдын ихэнх нь  тэнгэрт дэвшчихсэн учраас одоо тарьсан модыг яасан ч яахав гэж суугаа юм болов уу.

Эрдэнэтчүүд бидний хэлж заншсанаар “Сэлэнгэ” зочид буудлын ар, хоёрдугаар хорооллын 10 дугаар байрны ард байсан 30 гаруй ургаа мод бүтээн байгуулалтын “хар салхинд“ дайрагдан цахилгаан хөрөөний ирэнд идэгдэж дуусах нь. Замын арын хэсэг буюу нэгдүгээр хороллын 16 дугаар байрны өмнөх ногоон байгууламж дагуух ургаа модод хядагдах өдрөө хүлээж байгаа бололтой. Аягүй бол ирэх намын Бүх нийтийн мод тарих өдрөөр “нэг хоёрдугаар хорооллын төв зам дагуу 100 сая төгрөгөөр мод тарина” гээд нэг дарга ярьж байвал гайхах хэрэггүй нь. Нийслэлд уулнаас ургаа мод ачиж ирээд суулгаж, түүнийгээ хэрхэн тордож байгаа талаар зурагтаар үзэж суусан минь саяхан. Харин манай аймагт ургаа модыг “бүтээн байгуулалтын замын саад” гэж нэрлээд хөрөөдөөд, хаяж байгааг ойлгохгүй нь.