ЭХНИЙ УЛИРАЛД 108 ХҮНД ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТ 12 САЯ ТӨГРӨГ ОЛГОВ
Уул уурхай 27 өдрийн өмнө     135    0

  Даваа гараг бүрт хуралддаг Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөлгөөнөөр Ковид-19 цар тахлын нөхцөл байдал Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэрт ямар байгаа талаар Эрдэнэт сувилал,  Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар мэдээлэл хийлээ. Орхон аймаг цар тахлын тархалтаар улаан түвшинд бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ мэдээлэлдээ  “Өнгөрсөн долоо хоногт шинээр батлагдсан тохиолдол  611 болж, өмнөх долоо хоногоос 25 хувиар, шинжилгээгээр эерэг илэрсэн хүний тоо 4,3 хувиар өссөн. Аймгийн хэмжээнд халдвар ихэсч байгаа тул коронавирусын халдвараас сэргийлэх, халдварын голомтыг хумих тухай зөвлөмж өгч, цар тахлыг бууруулахад хамтран ажиллахыг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад хэлэв.

Шуурхай зөвлөгөөнөөр үйлдвэрийн бүтцийн нэгжүүд 7 хоногийн ажлаа дүгнэн ярилцдаг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 6 дугаар сарын төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүрэн биелэх боломжтой гэж Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ. Үйлдвэрийн хэмжээнд хавар зуны бэлтгэлд  282 ажил төлөвлөснөөс 205 ажил бүрэн биелж, 72,7 хувьтай явна гэж тэрбээр ярив. 
     Үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан зогсонги байна. Халдвар хамгааллын дэглэм баримтлан, хуваарийн дагуу  хүмүүсээ үзлэгт хамруулах ажлыг цехийн дарга нар Эрдэнэт сувилалтай хамтран зохион байгуулахыг Нийгмийн  харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат дарга хэлэв. Орон сууцны хөнгөлөлтийн 12 сая төгрөгийг нэгдүгээр улиралд 108 хүнд олгосон бол  2-р улиралд  129 хүнд хүргэхээр болжээ. Уурхайчин-1, Уурхайчин-2, Уурхайчин-3 хорооллоос байр авсан ажилчдад 12 сая төгрөгийн дэмжлэгийг дугаар харгалзахгүй олгож эхэлсэн. Уурхайчин-3 хороололд орох хүсэлтэй 255 хүний  өргөдлийг авч бүртгэлд хамрууллаа. Оронсууцжуулах нийгмийн төслүүдэд хамтарч ажиллахаар банкууд нэгдэж байгаа. Уурхайчин-3 буюу амины орон сууцны хорооллын байрыг  ипотекийн зээлд хамруулах хүсэлтийг банкуудад гаргасан гэж  Нийгмийн харилцааны хэлтсийн дарга мэдээлэв.   
     Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр мэдээлэлдээ: “Эрдэнэт үйлдвэрт өнөөдрийн байдлаар 4239 ажилтан буюу нийт ажилтны 63,2 хувь нь хэвийн горимоор ажиллаж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 131 ажилтнаар буурсан байна. Вакцинд хамрагдаагүй болон нийгмийн цехийн ажилтнуудад цалинтай чөлөө олгох, ээлжийн бусаар ээлжийн амралт олгох зэрэг хөдөлмөр зохицуулалт хийж байгаа. Ээлжийн горимд 318 ажилтныг шилжүүлж, нягтралыг бууруулах хөдөлмөр зохицуулалт хийж байна. Хөл хорио, тусгаарлалтанд нийт ажилтны 12,1 хувь нь байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 26 ажилтнаар нэмэгдсэн” гэв. 
     Түүнчлэн их зогсолттой холбоотой худалдан авалт, ковидын нөхцөл байдлын үед  хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Ерөнхий захирлын тушаалыг хэрэгжүүлэх, “Эрдэнэт” соёл спортын цогцолборын дээврийн ажлыг яаравчлах зэрэг асуудалд онцгой анхаарч ажиллахыг бүтцийн нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.