ДАВАА
2022.07.05
ЭРДЭНЭТ
10C°/19C°
АНУ ДОЛЛАР
3140.08
ЕВРО
3273.53
БНХАУ ЮАНЬ
468.95
ОХУ РУБЛЬ
57.12
БНСУ ВОН
2.42
Н.Алтанхуяг: Ашиг сонирхлын тэмцэлдээ улс орны язгуур эрх ашгийг хөндөнө гэдэг хожим нь уучлагдашгүй, том үр дагавар авчрах вий
Н.Алтанхуяг: Ашиг сонирхлын тэмцэлдээ улс орны язгуур эрх ашгийг хөндөнө гэдэг хожим нь уучлагдашгүй, том үр дагавар авчрах вий

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай ярилцлаа.

-УИХ-ын хаврын ээлжит чуулган удахгүй эхлэх нь. Завсарлагааны хугацаанд та ямар ажил амжуулав?

-Тойрогтоо ажиллаж, өнгөрсөн намрын чуулганаар хийж, хэрэгжүүлсэн ажил, баталсан хууль, тогтоолыг Орхон аймгийн сонгогчдодоо танилцууллаа. Үгийг нь сонслоо. Өнөөдрийн манай нийгэмд ус, агаар шиг хэрэгтэй байгаа шударга ёсыг тогтоох, байгалийн баялгийг цөөнхөд биш, олонход хүртээмжтэй болгох, одоо бараг алга болж байгаа дундаж давхаргаа дэмжих ёстой гэж үзэж, мөрийн хөтөлбөртөө тусгасан. Байгалийн баялгаас улс, орон нутаг, ард иргэд нь шударгаар хүртэх боломж бүрдүүлэхийн тулд 34:33:33 буюу “Эрдэнэт үйлдвэр”- ийн технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүллээ. Удахгүй УИХ-д өргөн барина. Бас бусад хууль, тогтоол, Хөгжлийн банктай холбоотой цааснуудыг эргүүлж тойруулан, сэргээн харж, дүн шинжилгээ хийж сууна.

Банк дампууруулж, өөрсдийгөө цэвэрлэдэг технологио МАНАН бүлэглэлийнхэн хэрэгжүүлэх вий

-Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд энэ хаврын улс төрийн нэг хэсэг байх бололтой. Та ч “Хөгжлийн бодлого-Хөгжлийн банк” сэдвээр ярьсан байна лээ. Энэ луйвар, чанаргүй, барьцаагүй зээлүүд таны Засгийн газрын үеэс эхлэлтэй гэлцэхийг та сонссон л байх.

-Би нэг зүйлд их талархаж байна. Хөгжлийн банкны хууль бус асуудлыг ил тод болгож, олон нийтийн анхааралд оруулж ирсэн нь маш зөв. Гэхдээ үүнийг улстөржүүлж болохгүй. Харамсалтай нь, тэр чиг рүү явах гээд байх шиг. Үүнд танай, манай нам гэж хандаж болохгүй. Ингэж талцуулан, улстөржүүлснээр дундаас нь хулгайч, дээрэмчид л хождог. Чиний хэлсэнчлэн хүмүүсийн зарим нь санаатай, санаандгүй гүтгэж, гуйвуулан, зөвхөн манай Засгийн газарт наах гэж үзээд байгаа. Олон нийтэд үнэн, бодитой мэдээлэл хүргээгүй учраас баримт, нотолгоотойгоор тайлбарласан юм. Бараг 10 гаруй хоног тэр үеийн холбогдох баримт, материалыг сэргээн харж, судалж байж бэлдсэн. Хөгжлийн банкны асуудал бол МАНАН бүлэглэлийн хулгай, дээрмүүдийн зах зух нь. Өмнө нь УИХ, Бондын бодлогын зөвлөл, Засгийн газраар хэлэлцүүлсэн, Монгол Улсад нэн шаардлагатай хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг, олон хяналттай, зээлийн төлөлт сайн, актив нь зургаан их наяд төгрөгт хүрсэн, ашиг, орлогоороо топ 100 аж ахуйн нэгжийн эхний эгнээнд явж байсан банк өнөөдөр яагаад ийм их найдваргүй зээлтэй болсныг сайтар шалгах ёстой. Харин бүх бузар булайг АН руу чихэж, хаагаад, цаана нь жинхэнэ хулгайч нар нь ял завшиж үлддэг, өнөөх л банк дампууруулж, өөрсдийгөө цэвэрлэдэг муухай технологио МАНАН бүлэглэлийнхэн хэрэгжүүлэх вий гэх болгоомжлол бий. Хөгжлийн банк тойрсон асуудлыг үр дүнтэй шийдвэрлэе гэвэл УИХ түр хороо байгуулах хэрэгтэй.

-Яагаад заавал түр хороо гэж. Ажлын хэсэг байгуулсан шүү дээ?

-Ажлын хэсэг гэхээр улстөржүүлээд, ажил хийдэггүйг бид олон удаа харсан. Харин түр хороо байгуулаад, зөвхөн УИХ-ын гишүүд нэг удаа биш, урт хугацаанд мэдлэг, чадвартай хөндлөнгийн шинжээч, аудитор, болдог бол гадаадын эксперт оруулан шалгаж, цэгцлэх ёстой. Түр хороо ажлын хэсгээс илүү өргөн хүрээнд ажиллах боломжтой. Ядаж л банкныхан, зээлдэгч, шаардлагатай бол хууль, хяналтын байгууллагынхныг сонсох боломжтой. Зээл нэг бүрээр нь олон нийтэд ил тод ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол төрийн албыг худалдсан “60 тэрбум”- ын хэрэг, ЖДҮХС-гийн зээлийг эрх мэдэлтнүүд авсан шиг ганц, хоёр хүнээр туг тахисан болоод өнгөрөх вий.

Улстөрчид хөгжлийн банканд нөлөөлсөн бол түүнийг нь ярих хэрэгтэй

-Хөгжлийн банкны чанаргүй зээлүүд танай Засгийн газраас эхлэлтэй, эсэхэд та хариулсангүй.

-Худлаа гэдгийг нь олон нийт удахгүй ойлгох байх. Би ганц, хоёр бодит жишээ хэлье. Манай Засгийн газрын үед ТОСК Хөгжлийн банкнаас зээл авч, “Буянт-Ухаа-1, 2” хорооллыг барьсан. Олон мянган иргэн тэнд амьдарч байна. Гэтэл намайг ажлаа өгсний дараа Хөгжлийн банкнаас ТОСК-ын нэрээр хоёр зээл гаргасан байгаа юм. Эдгээрийн нэг нь хувийн компанийн, “Яармаг” нэртэй хороолол, нөгөө нь хөдөлгөөнт барилгын үйлдвэр барих зээл юм билээ. “Чингис” бондоос өмнө 600 сая ам.долларын “Евро” бонд босгосон. Түүнээс жишээ нь, Хөтөлийн цементийн үйлдвэрт 60 гаруй сая ам.долларын зээл олгосон. Мөн намайг огцруулсны дараахан “Кью эс си” гэдэг компанид 70 гаруй сая ам.долларын зээл өгсөн байдаг. Энэ мэт булхай, луйвартай олон зүйлийг АН, Алтанхуяг руу л хаяглаад байгаа юм. Манай Засгийн газрын үед “Бэрэн” зэрэг гурав, дөрвөн компани арматурын үйлдвэр барина гээд төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтад орсон. Үүнээс “Бэрэн”, “Мон-лаа” хоёр зээл авсан байдаг. Гэтэл 2017 онд “Бэрэн” компани олон сууцын хороолол барина гэхэд нь дахиад зээл өгсөн байна. Ингэхдээ өмнөх зээлээрээ арматурын үйлдвэрээ барьсан, эсэхийг шалгаагүйд нь итгэмээргүй. Хөгжлийн банк ажлаа хийх ёстой. ТУЗ-ийн хараат бус гишүүн гэх зарим хүн газар дээр нь очоод зээлүүдийн барьцаа болон ямар бүтээн байгуулалт хийсэн талаар лайв бичлэг хийж байгаа нь маш зөв. Ер нь Хөгжлийн банкны удирдлага, ТУЗ нь барьцаа хөрөнгөгүйгээр зээл олгосон бол хууль зөрчсөн хэрэг. Улстөрчид тэднийг шахаж зээл өгүүлсэн, нөлөөлсөн бол түүнийг нь ярих хэрэгтэй.

-Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдэд таны хамаарал бүхий хүмүүс болон АН-ын гишүүдтэй холбоотой, хууль бусаар олгосон нь байхгүй гэж үү?

-Нэг ч байхгүй. Харин би МАН-ын гишүүдэд зээл өгсөн гэж тухайн үед намынхаа зарим хүнээр шүүмжлүүлж байв. МАН-ын гишүүд гэдэг нь Н.Номтойбаяр, Ц.Гарамжав нарын цементийн үйлдвэрт өгсөн зээлийг хэлсэн байх. Бидний үед Монгол Улсын хөгжилд хэрэгтэй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг салбарын яам, тэр чиглэлийн мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлж, бодлогоо тодорхойлж байсан. Дараа нь 17 хүний бүрэлдэхүүнтэй Бондын бодлогын зөвлөл яам, салбарын холбоодоос ирүүлсэн төслүүдийг хэлэлцдэг байсан юм. Ингээд улсын хөгжилд хэрэгтэй, УИХ-аас 2010 онд баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгасан төслүүдийг дэмжих нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Засгийн газарт өгсөн. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигдсэн төслүүдийн жагсаалтыг Хөгжлийн банк руу явуулдаг байлаа. Бондын мөнгө орж ирэхээс өмнө ҮАБЗ зөвлөмж гаргаж, Засгийн газарт зургаан чиглэл өгсөн. Тэдгээрээс гурав нь маш чухал. Нэгдүгээрт, Бондын бодлогын зөвлөл байгуулж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, байнгын хорооны дарга, Засгийн газрын зарим гишүүн, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, нийслэлийн Засаг дарга гэсэн төлөөллийг оруулахаар чиглэл болгосон юм. Хоёрдугаарт, хэрэгжүүлэх төсөлд хөрөнгө оруулалтын гуравны нэгээс илүүгүй санхүүжилт олгохоор тусгасан. Гуравдугаарт, халамжид өгч, төсвийн алдагдлыг нөхөж болохгүй гэж тодорхой заасан л даа. Манай Засгийн газар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр, ҮАБЗ-ийн зөвлөмжийг л барьж ажилласан. Тухайн үед Бондын бодлогын зөвлөлд тал талын төлөөллийг багтаахдаа цөөнх байсан МАН-ын бүлгээс оруулах санал явуулсан ч харамсалтай нь хариу ирүүлээгүй.

-Засгийн газраас явуулсан бүх төслийг Хөгжлийн банк санхүүжүүлдэг байсан гэсэн үг үү?

-Үгүй, Хөгжлийн банк Засгийн газраас гаргасан жагсаалтад байгаа бүх аж ахуйн нэгжид заавал зээл олгож, санхүүжүүлнэ гэсэн үг биш. Хөгжлийн банк зээлийн барьцаа хөрөнгийн болон бусад шаардлагыг хангаж чадахуйц аж ахуйн нэгжээ сонгож, зээл олгоно. Засгийн газраас өгсөн жагсаалтад багтсан олон аж ахуйн нэгжийн төсөл шалгуур хангаагүй гээд дэмжигдээгүй байсан. Харин хожим Бондын бодлогын зөвлөлийг татан буулга гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шахдаг болсон. Тэгээд ч тэр үү, манай Засгийн газраас хойш Бондын бодлогын зөвлөл нэг ч хуралдаагүй юм билээ. 2017 онд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын 20 гаруй гишүүн өргөн барихдаа УИХ, Засгийн газрын нөлөөлөл ороод байгаа тул Хөгжлийн банкны бие даасан байдлыг хангая гэж хандсан. Нэг ёсондоо Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга бол сахил хүртээд шал дордохын үлгэр болсон. Уг нь өмнөх хуулиар Хөгжлийн банканд УИХ, Засгийн газар нөлөөлөх биш, Монгол Улсын хөгжилд хэрэгтэй төслүүдийг санал болгодог байсан юм шүү дээ.

Бид “Чингис” бондоор Богд Зонховагийн хөшөөг санхүүжүүлээгүй

-Хөгжлийн банк гээд ярихаар танай Засгийн газрын үед босгож байсан бондуудын талаар ярих болдог. Та сая бас “Евро” бонд гэж дурдлаа. -Ерөнхий сайд С.Батболдын үед Хөгжлийн банкийг байгуулж, анхны 600 сая ам.долларын бонд босгож, “Евро” гэж нэрлэсэн. Энэ үед Сангийн сайд нь Д.Хаянхярваа байсан. “Чингис” бол Монгол Улсын босгосон хоёр дахь бонд. Намайг Ерөнхий сайд болоход УИХ-аас таван тэрбум ам.долларын бонд босгох шийдвэр, тогтоол гарч, манай Засгийн газар 1.5 тэрбумыг нь босгосон юм. Ер нь “Чингис” бондын бүтээн байгуулалт нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа шүү дээ. 1.5 тэрбум ам.доллароор хоёр, гуравхан жилд багтаан 3000 км зам тавьж, хотын гудамж, уулзвар, гарцуудаа өргөтгөн, станцуудынхаа хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, 80 гаруй мянган иргэнийг найман хувийн зээлээр орон сууцтай болгож, жижиг, дунд бизнесийг дэмжих 888 төслийг амжилттай хэрэгжүүлж байлаа. Импортыг орлох, экспортыг дэмжих олон үйлдвэр үүд хаалгаа нээсэн. Энэ хийсэн ажилдаа бид нүүр бардам явдаг. Бид “Чингис” бондоор Богд Зонховагийн хөшөөг санхүүжүүлээгүй. Харин улсын хөгжилд хэрэгтэй, иргэдэд хүртээмжтэй олон ажил хийсэн. Гэтэл сүүлийн найман жилд Монгол Улсын гадаад өр гурван “Чингис” бондтой тэнцэхүйц ам.доллароор нэмэгдэж, зөвхөн “Ковид-19”-тэй тэмцэж байна гэж таван их наяд төгрөгийг ямар ч хяналтгүйгээр үрэн таран хийчихээд байна. Үүгээр юу хийснээ тайлагнах ёстой. Бас УИХ жил хагасын хугацаанд нэг тэрбум ам.долларын зээл авах шийдвэр гаргасан. Энэ бол Монголын ард түмнийг дэндүү басамжлан доромжилсон их хулгай. Хүмүүс хэрсүү болсон. Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт ирж, энэ бугшсан тогтолцоо үндсээрээ үгүй болох цаг ойртож байгаа. Ер нь Хөгжлийн банкнаас эхлээд улсын төсөв, концесс, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, гадаадын зээлээр юу хийсэн гээд бүгдийг нь шалгаж, хариуцлага тооцон, олон нийтэд ил болгох хэрэгтэй. Аль ч намын Засгийн газар байсан, улс, эх орныхоо эрх ашгийн төлөөх зүйлийг нь би дэмждэг. Цаашид ч тэгэх болно.

-Манайхан хаврын улстөржилт гэх нь бий. Олон жил улс төрийн хүрээнд ажилласны хувьд энэ хаврын үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-Улс төрийн 30 гаруй хаврыг үзлээ. Гэхдээ үзмэрч биш, би яаж мэдэх вэ (инээв). Эх орноо гэсэн ардчилсан хувьсгалын тарчиг өдрүүдээс эхлээд, улсаа хөгжүүлье, дэвжүүлье гэсэн сэтгэл зүтгэлтэй, бас эрх мэдэлтнүүд нь улсаа тонож идсэн, авлига, хээл хахуульд живсэн хүндхэн хавруудыг ч монголчуудынхаа адил туулж байна. Тайван замаар хамтдаа тэмцэж олж авсан ардчиллыг МАНАН бүлэглэлийн хэдхэн хүн хэрхэн зохион байгуулалттайгаар устгаж, үгүй хийж байгааг ч харж л явна. Тэд хулгай, дээрэм тонуулаа хаацайлахын тулд Монголын ардчиллыг, магадгүй тусгаар тогтнолоо ч золиосолж, үнэт зүйлс, үзэл санааг нь ч устгаж байна шүү дээ. Хуулийн засаглал тогтох нь уу гэтэл хуйвалдааны засаглал гаарч, төрийн хууль нь МАНАН бүлэглэл, нэг намын дарангуйллын өмнө сөхөрч, өдөр бүр хэдэн тэрбумаар нь хулгайж, дээрэмдэж, тэр чинээгээр иргэдийн ахуй амьжиргаа уруудан доройтсоор байна. Ер нь ийм зах замбараагүй, эцэс төгсгөлгүй хулгай дээрэм энэ дэлхийн хаана ч байхгүй биз. Би ч тэгээд хэлээд л ад болдог хүн дээ. Хулгай, дээрмээ зогсоотол хэлж, засахын төлөө ажилласаар байх болно.

Бид үндэстнийхээ хувьд цаашид яах вэ гэсэн том сорилттой нүүр тулгарчихсан нь нуух аргагүй үнэн

-Гэхдээ энэ бүхэн та бүгдийн хамтарч байгуулсан тогтолцооны үр дагавар шүү дээ.

-Улс орон маань ардчилсан улс болно, бид эрх чөлөөтэй, Монголдоо сайхан амьдарна гэж анхнаас нь тэмцсэн монголчууд, ардчилагчид маань ингэж гажуудна гэж огтхон ч төсөөлөөгүй. Сүүлдээ иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж, бүр ардчиллын замыг сонгосон нь буруу, хэрэггүй мэтээр ярих боллоо. Угтаа өнөөгийн энэ гажуудал бол ардчиллын буруу биш. Монголын төрд үе дамжин эзэн суух гэсэн МАНАН бүлэглэлийнхний хийсэн ажил. Та бодоод үз дээ. Өмнө нь намууд нь нам шиг ажиллаж, сонгууль нь хэн ч өрсөлдөж болохуйц шударга болдог байлаа. Гэтэл одоо сонгууль нь нам дамнасан бүлэглэлийн мөнгөний уралдаан болж хувирсан. Ер нь сонгууль угтсан, үе үеийн бэлэн мөнгөний амлалт, халамж биднийг мөхөөх нь үү дээ. Бид үндэстнийхээ хувьд цаашид яах вэ гэсэн том сорилттой нүүр тулгарчихсан нь нуух аргагүй үнэн.

-Монголын улс төрд “шударга бусын хонгил” гэдэг нэршлийг та оруулж ирсэн. Эхлээд хүлээн зөвшөөрдөггүй байсан улстөрчид одоо бүгд энэ үгийг хэлдэг болчихож. Шударга бусын хонгил байсаар л байна уу?

-Олон жил монголчуудын нийтийн баялаг болсон газар, байгалийн баялгийг хулгай, дээрмийн аргаар зарж, мөнгөжиж, хүчирхэгжсэн, нам дамнасан МАНАН бүлэглэлтэй тал талдаа тэмцэж байна. Ардын намд ч үзэлцээд л байх шиг л байна. Төрд хулгай, дээрэм нүүрлэж, төрийн дээр хуулиас гадуур, хууль, хяналтынхныг гартаа атгасан, хэн ч яллаж, шүүж чадахгүй болсон бүлэглэл сүүлийн 10 гаруй жилд бий болсныг бүгд мэддэг болсон ч айгаад, дуугарч чадах хүн гардаггүй байсан. Миний хувьд энэ бүлэглэлд нэгдэхгүй, хуйвалдаанд оролцохгүй, улс орон, ард түмний эрх ашигт хохиролтой шийдвэр гаргахгүй гэдэг зарчмаа тууштай баримталж, эсэргүүцэж тэмцсэнийхээ төлөө Ерөнхий сайдаас огцорч, намын даргын албаа өгөхөөс өөр аргагүй болсон. УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд ч луйвардаж байлаа. Сүүлдээ намаас зориуд хөөж, тууж тоглосон. Би хэдэн жилийн өмнө МАНАН бүлэглэлийн толгойлогчдыг илчилсэн. Ц.Элбэгдорж гэдэг хүн өөрийн залгамжлагчаараа М.Энхболдыг тавиад, бүлэглэл нь 20-иод жил ноёрхлоо тогтоож, Монголыг тэр чигт нь залгих гэж байсныг хүн бүр санаж байгаа. Харамсалтай нь, шударга бусын хонгилоор чирүүлэхээс айгаад дуугардаг хүн тэр бүр байсангүй. Ад болж би л дуугарч байсан. Тэр үед Х.Баттулга бараг л гудамжнаас “эх орон” гэж ярьж, энэ шударга бус зүйлсийн эсрэг тэмцэж эхэлсэн.

“Эх орон” гэдэг том малгайн дор Х.Баттулгатай зам нийлсэн

-Засгийн газарт тань сайд байхдаа таныг, танхимаа огцруулахаар санал өгч байсан Х.Баттулгатай Ерөнхийлөгч болсных нь дараа хамтарч ажиллахад тань гайхах, эгдүүцэх хүн олон байсан.

-Би улс, үндэстнийхээ эрх ашгийг үргэлж нэгдүгээрт эрэмбэлдэг. Улсад хэрэгтэй шийдвэр гаргаж байвал одоо ч МАН-ынхныг дэмждэг. Түүн шиг, “эх орон” гэдэг том малгайн дор Х.Баттулгатай зам нийлсэн. Тиймээс ч түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд нь дэмжиж ажилласан. Монголчуудын заяа түшиж, МАНАН бүлэглэлийн залгамжлагч М.Энхболд биш, Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчтэй болсон. Х.Баттулга ч тухайн үеийн МАН-ын удирдлагатай хэл амаа ололцож, МАНАН бүлэглэлтэй тэмцсэн. Харамсалтай нь, тууштай явж чадаагүй. Тойрон хүрээлэгчид нь бас чөдөрлөсөн болов уу. Гэхдээ бид хоёрт санал нийлдэггүй асуудал ч бий. Ялгаатай нь Х.Баттулга бизнесээс, би их сургуулийн багшаас улс төрд хөл тавьсан. Ер нь нийгэмд байгаа шударга бус байдлыг хэлж, зарлаж, тэмцсэнийхээ төлөө өөрийгөө Монгол Улсын хаан гэж бодож байсан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарын захиалгаар, тэдний тавиулуудаар олон жил шалгуулж, тамлуулсан. Тэр үед миний ойр хавийнхнаас шалгуулаагүй хүн бараг үлдээгүй. Гэр орон, ажлын байр гээд бүгдийг нь нэгжиж, ахлах зөвлөх, зөвлөх, туслах, охин, хүргэн, эмэгтэй дүү, хамаатан, бэр гээд эргэн тойрныхныг маань шоронд хийж, элдвээр дарамталж, тамласан. Намайг шалгахдаа Ерөнхий сайдын үеэс гадна Тэргүүн шадар сайд, Сангийн сайдаар ажиллаж байсныг ч хамруулсан. Тэгэхэд жижиг ч бай нэг л юм гарсан бол намайг шууд шоронд хийхэд бэлэн, захиалгат “махны машин” ажиллаж байлаа. Буруу замаар олсон хоол багалзуур дээр тээглэдэг гэж сургаж, хүмүүжүүлсэн аав, ээждээ баярлаж явдаг даа.

-Таныг холбогдуулсан хэргүүд хэрхсэн бэ. Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болж, хэргүүдээ хаалгасан гэх хардлага байдаг нь нууц биш.

-Хүнийг юу ч гэж гүтгэж, харлуулдаг болчихсон цаг гэдгийг би биеэрээ мэдэрсэн. Тэр үед би АТГ, хууль, шүүхийн байгууллага дуудах бүрт нь хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй ярьчихдаг байсан учир одоо олон юм яриад яах вэ. Би 2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх болсон. Харин намайг хэрэгтэн болгож, шоронд суулгах гэсэн захиалгат ажиллагаа нь арваад жил үргэлжилж, 2020 онд дууссан. Гэхдээ өнөөх МАНАН бүлэглэлийн гар хөл, тавиул болсон удирдлагууд нь солигдож байж энэ “хэрэг” гэх юмны шилийг харсан. Шинэ удирдлагууд нь хэрэг биш байна гэж үзсэн юм билээ. Хэрэв бүлэглэлийн гар хөлүүд нь солигдоогүй байсан бол өнөөдөр ч дуусаагүй л явж байгаа биз. Олон хүнийг удаан хугацаанд хэлмэгдүүлчихээд, “Хэрэг биш байна” гээд хаасан ч тэдний зүрх сэтгэлд үлдсэн шарх аниагүй, аних ч үгүй биз. Тэр үед Н.Алтанхуяг гэдэг нөхрийг ямар ч хамаагүй аргаар шоронд суулга гэдэг тушаалыг хэрэгжүүлэх гэж бүх л аргаа хэрэглэсэн шүү дээ. “Хонгил” технологи гэдэг зүйл тэр үед л бий болсон. Миний хавь ойрын хэн нэгэнд хэрэг нээгээд, хамаатуулах гэж их л оролдоцгоосон доо. Дуудаж байцаана, шөнө дүлээр утасдаж дарамтална, олон сар жилээр, өдөр бүр байцаагчийн үүд сахиулж, залхаан цээрлүүлнэ. Тэр байтугай намайг хөдөө явахад хүртэл хориг тавьж байсан. Сүүлдээ улаан, цагаандаа гарч, “нүүрсний” гэх хэргээр хэлмэгдэж, олон сар шоронд хоригдсон манай нэг залууг АТГ-ынхан “Чи Алтанхуягийн “но”-г л хэлчих. Тэгвэл чамд нэг сая ам.доллар өгч, гэр бүлээр чинь АНУ руу явуулна” гэж байх вэ дээ. Ийм шударга бус зүйлийг яс, махаараа мэдэрсэн хүн энэ бүхнийг засаж, залруулахын төлөө ажиллана гэж сонгогчдынхоо итгэлийг хүлээж УИХ-д сонгогдоод, чадлаараа “үзэлцэж” байна.

-Харамсалтай нь, манайд МАН гэсэн ганцхан намтай болчихлоо.

-Ганц намтай байх бүх л аргаа хэрэглэж байна даа, эрх баригчид. УИХ нэг бүлэгтэй, Монгол Улс нэг намтай, нийт эдийн засаг нь МАНАН гэх бүлэг хулгайч нарын гарт эзлэгдсэн, шударга ёсгүй, хуулийн засаглалгүй хүнд нөхцөлд байна. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээр “попорлоо, улстөржлөө, хэн нэгний явуулга” гэх мэтээр захиалгатайгаар гүтгэж, харлуулж байгаад л хулгай дээрмээ үргэлжлүүлдэг аргатай болсон. Энэ маягаараа Монголд ардчилал, хүний эрх гэх үг хэрэглэгдэхээ байж, дарангуйлал тогтох бодит аюул удахгүй бий болох нь.

-Дуугүй болгохын тулд хэрэг үүсгэдэг технологийг мэддэг гэх хүний хувьд айхгүй байна уу?

-Би амаа үдүүлж чаддаггүй хүн. Хэнээс ч айхгүй хэлнэ. Гэхдээ хэн нэгнийг шүүмжлэхдээ биш, тухайн ажил, цаашлаад улс, эх орон, ард иргэдийн ахуй, амьжиргаанд хэрэгтэй юм болов уу гэж санал, гарц гаргалгаа хэлэх гэж оролддог. Яаж хүлээж авах нь тухайн хүмүүсийн хэрэг. Улс орны хөгжлийн асуудалд тэр, энэ нам гээд байх хэрэггүй. Монгол Улс, ард иргэдийн эрх ашгийн үүднээс л хандах ёстой. Харамсалтай нь, нам болгож талцуулчихаад, ар хударгаар нь хождог явдал байсаар л байна. Таны хэлж байгаагаар сүүлийн үед болохгүй, бүтэхгүй бүх юмыг л надтай наачих гээд оролдоод л байх шиг байна. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ч салбарын сайд нь сүрдүүлж байх жишээтэй. “Шударга бусын хонгил”-ыг илчлээд, өөрөө төдийгүй эргэн тойрны бүхнээ хэлмэгдүүлж, тамлуулсан хүн одоо юунаас айх вэ. Үнэн хатуу, хуурамч нь хувирамтгай шүү дээ. Энэ УИХ гэдэг байгууллага юу болчихов гэдгийг би гайхдаг болсон. Зүгээр л нэг тойрог, аймагт төсөв хуваарилдаг кнопчид болчихов уу. Олонхоороо түрээ барьж, цөөнхөө хувааж, хагалахдаа уургын морь шиг, улс орны язгуур эрх ашиг, ард түмний ахуй амьжиргаа ярих болохоор бүгд таг. Одоо улсынхаа эрх ашгийг хувийн болон намынхаас дээгүүр тавьж байгаа хүн ховорджээ.

Баялагтаа эзэн болох тэмцэл өрнөж, шударга ёс тогтоох нь уу гэтэл улсаараа мод тарих нь нэгдүгээр асуудал болчихлоо

-Нөгөө талаас АН-ынхан учраа ололцохгүй, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй байна шүү дээ.

-Манай нам хагараагүй. Харин хагалж тоглоод байгааг одоо хүмүүс эрх биш анзаарсан байх. Дээд шүүх нь хүртэл АН-ын даргын сонгуулиас бусад асуудал нь бүгд хүчин төгөлдөр нэг нам байна гэж хэлсээр байтал бүх юмыг хоёр болгон тоглосоор л байгаа. 1990 оны ардчилсан хувьсгалыг манлайлсан МоАХ-г ч хоёр болгон тоглож байна. МАНАН-гийнхан сонгуульд ялъя гэдэг ганцхан зүйл дээрээ нэгддэг байсан бол энэ удаа Монголын ардчиллыг устгая гэдэгт хүчээ нэгтгэжээ гэж л харагдаж байна. Дотоодын өрсөлдөөн, эрх ашгийн тэмцэлдээ улс орныхоо язгуур эрх ашиг, тусгаар тогтнолыг хөндөнө гэдэг хожмоо үл засагдаж, уучлагдашгүй том үр дагавар авчрах вий. Нуухаа авах гээд нүдээ сохолно гэдэг дээ. Намынхаа тухай санал бодол гэвэл зөндөө л юм байна. Товчхондоо, АН-ыг үймүүлээд байгаа нь нөгөө л МАНАН бүлэглэл. Энэ бүлэглэлийнхэн МАН дотор байр сууриа бараг алдчихаад, одоо АН дотор тогтож, дахин амьдрах аргаа хайн, бэдэрч яваа нь энэ. Үүний үрээр манай намын хэдэн арван мянган гишүүн, дэмжигч дор бүрнээ санаа нь зовж, хохирч байгаа. Бас хамгийн их хохирлыг нь Монголын төр, бүр цаашлаад Монгол Улс бүхлээрээ амсах нь. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн гадаад бодлогын асуудлаар хамаагүй бурах нь Ц.Элбэгдоржид оноотой ч Монгол Улсад хохиролтой тусна. МАНАН бүлэглэлийнхэн гэж ийм л хор уршигтай, мөнгөтэй хүмүүс дээ. Нөгөө талаас тэдэнтэй үзэлцэж, төрийн өндөрлөгт хүрсэн нөхөд эргээд МАНАН-гийнхантайгаа нийлж, хуйвалдаад байна уу даа гэсэн хардлага ч төрөх боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг би бас МАНАН бүлэглэлийн толгойлогчдын нэг М.Энхболдын хаанчлалыг нам дотроо дуусгахаар тэмцэж байхад нь дэмжсэн. Монголчууд баялагтаа эзэн болох, шударга ёсыг тогтооно гэхэд нь ч У.Хүрэлсүхэд найдаж, дэмжиж байснаа нуугаагүй ээ. Баялагтаа эзэн болох тэмцэл өрнөж, шударга ёс тогтоох нь уу гэтэл улсаараа мод тарих нь нэгдүгээр асуудал болчихлоо. Шударга ёсгүй нийгэмд түмэн мод тариад ч яах билээ дээ. Гэхдээ амласандаа хүрэх болов уу гээд горьдож л сууна.

-Уучлаарай, та өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвших гээд чадаагүй. Тиймээс та Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд таагүй хандаад байна уу?

-Хувь хүмүүсийн хоорондын асуудал огт биш л дээ. Монголд ардчилал устаж, чөлөөт сонгуульгүй, нэг намын дарангуйлал аль эрт л нүднээс далд бий болсныг нотолсон үйл явдал болсон. Надад нэр дэвшинэ гээд шийдчихсэн бодол огт байгаагүй. Гэтэл хэт их хүч түрж, арай дэндүү хуульгүй тулгалтууд хийж, чичрээд байхаар нь эцсийн мөчид би намынхаа сунгаанд орж ялан, нэр дэвших эрхээ авсан. Жил хүрэхгүйн өмнө бүгдийн нүдэн дээр ил болоод өнгөрсөн үйл явдлыг энд нуршаад яах вэ. Товчхондоо, Монголын түүхэнд хараар бичигдэх үйл явдал болсон.

-Ингэхэд та АН-д байгаа юм уу. Таныг АН-ын гишүүнчлэлээс хассан гэдэг. Тэгээд ч та бие даан нэр дэвшээд, сонгогдсон шүү дээ.

-Би АН-аас гараагүй ээ. Гарах ч хүн биш. Харин намайг дүрэм зөрчиж хассан гэдэг юм. Гурван Э (Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Эрдэнэ нарыг хэлэв) намайг УИХ-д АН-аас нэр дэвшүүлэхгүй гэж хийсэн үйлдэл шүү дээ. Ер нь ардчиллын талд зогсдог, МАНАН бүлэглэлийн эсрэг сөрдөг хүмүүсийг улс төрөөс арчих гэсэн Э-нүүд олон булай үйлдэл хийж байсны нэг нь л энэ.

-Та ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайд байсан хүн. Таныг хэлэхээр бас л яагаад гэдэг олон асуулт төрж байна л даа. АН-д итгэл алдсан байж болох ч ардчиллаас Монголын ард түмэн урвахгүй гэдэгт эргэлзэхгүй байхыг хүсэж байна.

-Монголчууд уламжлалт соёл, ахуйгаасаа үүдэн түүхийн бүхий л цаг үед эрх чөлөөг сонгож, амьдарч ирсэн. Түүх нь ч тэр чигтээ эрх чөлөөт амьдралын төлөөх тэмцэл, ялалт, ялагдал байдаг. Түүхийн маш хүнд үеүдэд ч ходоодоороо биш, тархиараа, хоосон ч гэсэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо л хамгаалах гэж тэмцэж, ялсаар ирсэн. 1990 оны ардчилсан хувьсгал ч ийм зорилгод үндэслэсэн учраас бид хийж чадсан. Өнөөдөр зарим хүн “дарга” сэтэр зүүж, төр, улсаа тоноцгоох гэж түүхийн бүхий л цаг үед эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж амьдраагүй биз дээ гэж асуумаар санагдах юм. Монголын ардчиллыг аварч үлдмээр байгаа бол үүнийг бодож, сэрж, хийх учиртай. Бид зүгээр л энэ бүхнийг хэн нэгэн хийнэ, эсвэл бусдыг дэмжээд хийлгэнэ гэж бодох нь хамгийн том алдаа. Ардчиллыг одоо энэ маань л аварна даа гэж бодож байгаа хүмүүс чинь их мөнгө, том хуйвалдааны өмнө таны дуу хоолойгоор дутаад, хүч мөхөсдөөд байна. Тиймээс хамтдаа дуу хоолойгоо нэгтгэж, тэмцэх хэрэгтэй. Зөв тэмцэл хэзээ ч оройтохгүй. Зөв зорилго хэзээ ч ялагдаж, мухардахгүйг эрх чөлөөт амьдралдаа хайртай хүн бүхэнд хэлмээр байна. Бид 1990 оных шигээ дуу хоолойгоо нэгтгээд, зөв зорилго, өөрчлөлтийн төлөө жинхэнээсээ Төв талбайгаа дүүргэж байж энэ бүх муу муухай, хулгай луйвар, бүлэглэлийн дээрмийг зогсоож, мартагдсан шударга ёсоо сэргээж, төрөө нэг мөр цэвэрлэж чадна. Монголчууд сул дорой ард түмэн биш. Хэзээ хүртэл ээлж дараатай олон ангит кинонд хууртаж, эсэн бусын шударга баг зүүсэн луйварчдад дээрэмдүүлж суух юм бэ.

-Цар тахлын улмаас эдийн засаг таагүй байгаа. Иргэдийн толгойг өвтгөсөн олон асуудлыг шийдэх гарцыг та хэрхэн харж байна вэ?

-Би УИХ-ын танхимаас ч, нийгмийн сүлжээгээр ч ярьсаар л байгаа. Үнэндээ иргэдийн ахуй амьжиргаа муудаж, үнийн өсөлт хэрээс хэтэрсэн. “Ковид-19”-тэй тэмцэх нэрээр маш их мөнгийг үрэн таран хийлээ. Яг вакцин хийх болоход вакцинаа ч аваагүй сууж байсан шүү дээ. Ер нь манай улс системийн хямралд орсон. Энэ бүх асуудлыг сууриар нь цэвэрлэж, хуулийн засаглалаа бүлэглэлийн савраас гаргаж, бүрэн шинэчлэл хийхгүй бол аргацаах гэж ядах тусам байдал муудна. Монголчууд бидэнд нэг л том сэхээрэл дутуу байна. Сэрэхгүй, шийдэхгүй бол энэ хулгайч, дээрэмчид улс орныг минь гадаад далайн эрэгт хаус болгоод арилжина. Хачин гоё үлгэр ярьж, кино үзүүлж, мунхруулсаар хамаг байгааг чинь тонон дээрэмдсээр дууслаа. Эцэстээ үг хэлэх эрх чөлөөг чинь “Хаанахын тагнуул вэ” гэж сүрдүүлэн хориглоно. Ардчиллыг маань гадаадын захиалга гэж устгана. Удахгүй удирдагчаа хараад уйлдаг ард түмэн болгох гэж дайрцгаах вий. Би Ерөнхий сайд байхдаа Монголынхоо эрх ашгийн төлөө гээд гоёж гоодохгүй, чимээгүйхэн зүтгэсэн. Гэвч гаднынхантай нийлсэн дотоодын хулгайч, дээрэмчин бүлэглэлийн өмнө аргагүй хүч мөхөстөж, огцорсон. Гэхдээ тэдний юу сэдээд байгааг бүгдэд ил болгосон. Үр дүнд нь “шударга бусын хонгил”-ыг нураая гэж хүн бүр ярьж, дарга бүр сонгогддог болсон гэхэд хилсдэхгүй. Ахиц дэвшил байна гэж хүлээзнэвч алсдаа засаж болохооргүй алдааруу улам хурдтай яваад байна. Тиймээс ингэж давтан давтан хэлээд байгаа юм. Эдийн засгийг бүхэлд нь шахам эзэгнэсэн банкны эзэд, хамгийн том эрх мэдэлтэй албан тушаалтнууд, хууль хүчний байгууллага дахь тэдний сүлжээтэй тэмцэх гээд амаргүй л байна. Гэхдээ одоо биш бол хэзээ гэж. Тиймээс хугацаа алдах тусам хохирол, хорлол нь томорч буй МАНАН нэртэй бүлэглэлийг таслан зогсоохгүй бол тэмцдэг, хэлдэг, зүтгэдэг бүхэн нь цөөрч, ардчилал, эрх чөлөө устаж, Үндсэн хууль маань хэн нэг даргын шалны алчуур болох нь.

 Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, мэдээллийг шалгав
“Яг тэдэн шиг”  бай л даа, дарга нар аа. Үгүй бол Булганы Б.Ариун-Эрдэнэ, Дарханы Б.Азжаргал нараас хол гарч сэтгэ л дээ
Д.Соёлчхүү: ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нар л автомашин унана
Номын төвийн нэрийг өөрчилж Нийтийн номын сан  болгоно
С.Батжаргал дарга ажлын төлөө дуугарсан бол Д.Мөнхбат дарга ИТХ-ын эрх мэдлээр асуудалд хандлаа
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд түүний хүү Зориг хүндэтгэл үзүүллээ
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар дараахь асуудлыг авч хэлэлцэв
“Малын тэжээлийн ургамал тариалах ба тэжээл үйлдвэрлэх” төсөл 50 саяын санхүүжилт авлаа
“Шударга байх хамгийн гоё” арга хэмжээг зохион байгуулав
Сахилга, ёс зүйн зөвлөгөөн боллоо
Хамтран ажиллах гэрээ байгуулав
Шандын зам жолооч нарыг “шар махтай” нь хатааж байна
Үндэсний чуулган боллоо
Үндэсний чуулган боллоо
6-р сар. 28, 2022, 4:58 p.m.
Дахивар хог хаягдлыг “далд оруулах” үйлдвэртэй боллоо
Засаг дарга шуурхайдаа “эргэн иржээ”
Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв
Нийтийн албанд томилогдох 181 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв
БОАЖЯ, УБЕГ, “Монголын төмөр зам” ТӨХК, БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны авлигын эрсдэлийн үнэлгээний тайланг хэлэлцүүлэв
“Шударга ёсны хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдаан”-ы шагналыг гардууллаа
“Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны ажлыг гүйцэтгэж байна
“Яг тэдэн шиг”  бай л даа, дарга нар аа. Үгүй бол Булганы Б.Ариун-Эрдэнэ, Дарханы Б.Азжаргал нараас хол гарч сэтгэ л дээ
Х.Саранчимэг: Үзлэгт хамрагдахын тулд 2019 оноос хойших даатгалын шимтгэлийг заавал төлсөн байх учиртай
“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”  иргэдэд төлбөртэй болно
Аймгийн ИТХ цэвэр бохир усны үнийн нэмэгдлийг бууруулахыг дэмжсэнгүй
Б.Мягмарсүрэн: ГОК-ынхон ирээд баахан худлаа ярина, ямар ч үр дүн гарахгүй
А.Түвшинжаргал, С.Ганцогт дарга аа “Хүчээ нэгтгээд” энэ овоолсон шороог буулгаад өгөөч, амьд явмаар байна
“Эрдэнэт констрактив” компанийг Эрдэнэтчүүд “эрэн сурвалжилж” байна
А.Түвшинжаргал: Түрээслэх асуудал дээр бид болгоомжтой хандана. Огт түрээслэхгүй гэж хэлж мэдэхгүй байна
Бүрэнбүстийн овооны наадмыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга үзэж сонирхов
А.Түвшинжаргал: Бүүвэйбаатарыг буулгаснаар усны үнэ хямдрах юм уу
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА 2022 ОНД ЭДГЭЭР ЗАРДЛЫГ 100 ХУВЬ ХЭМНЭЖЭЭ
Аймгийн ИТХ залуучуудын шаардлагад “Ёстой үгүй шүү” гэсэн хариу өглөө
С.Батжаргал: Наад байшингийн суурийг  чинь цааш нь зараад л байгаа шүү дээ
“Монгол дайван” компани 115 байшингийн суурийг банкны барьцаанд тавьсан
О.ОТГОНБАЯР: АЖИЛТНЫГ ҮНЭЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХАД ЧАДАМЖИЙН СТАНДАРТ МӨРДӨНӨ
Аймгийн Засаг дарга Солонгост, М.Түмэнжаргал дарга ОХУ-д, А.Түвшинжаргал дарга “Хангинахын шугуй”-д энэ өдрүүдийг үдэж байна
“Тамир” төвийн өмнөх хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй 118 гараашийг буулгана
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ЭРДЭНЭТИЙГ ТЭТГЭХ ШИНЭ УРСАЦ
Хүүхдүүд авлигад “Үгүй” гэж хэлэхээр ийм олуулаа цуглажээ
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
ШИНЭ СЕКЦ ХОЁР ДАХИН ИЛҮҮ ХҮДЭР БОЛОВСРУУЛНА
О.ОТГОНБАЯР: АЖИЛТНЫГ ҮНЭЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХАД ЧАДАМЖИЙН СТАНДАРТ МӨРДӨНӨ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТЕНДЕРИЙН УРИЛГА
С.Батжаргал: Бид Жаргалантын ногоочдыг хүчээр хоршоолох гээд дийлээгүй шүү дээ
АН 2024 ОНД ЯЛАЛТ БАЙГУУЛНА
“Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”  иргэдэд төлбөртэй болно
Найрамдал, Чандмань, Чингэл, Баян-Овоо багийг шинээр нэмж байгуулахаар боллоо
Ц.Алтаншагай: “ВВ” хотхоны 80 өрхөд төрийн үйлчилгээг ойртуулж болох уу
Хяналт шалгалтаар 10 мэдүүлэг гаргагчийн ХОМ зөрчилтэй байв
З.Дашдаваа: 30 аж ахуйн нэгжид зээл олгоход тодорхой албан тушаалтнууд нөлөөлснийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоод байна
Сурагчдын 50 гаруй хувь нь жингийн илүүдэлтэй байна
С.Батжаргал: Сургууль  хүүхдийн хүслийн газар байх учиртай
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих жишиг танхимтай болно