Нийтлэгдсэн: Tue, Dec 5th, 2017

ИРГЭД МӨНГӨНДӨӨ, ОРОН НУТАГТАА ЭЗЭН БОЛМООР БАЙНА

De facto 1

Энэ оны 12-р сарын 1-нд Эрдэнэт хотод зохион байгуулсан Шинэ тосгон хөдөлгөөний Үндэсний чуулга уулзалт дээр Монгол улсын шилдэг эдийн засагчдын нэг, доктор, Defacto Д.Жаргалсайханы хэлсэн үгийг Та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе. Тэрээр хэлэхдээ:
-Эрдэнэтийн энэ индэр дээрээс би хоёр дахь удаагаа үг хэлэх завшаан олдож байна. Таван жилийн өмнө энэ индэр дээрээс ”Эрдэнэт 2040 онд” гэсэн илтгэл тавьсан. Энэ илтгэлээр “Эрдэнэтийн овооны нөөц дуусахаар яах вэ” гэсэн санааг дэвшүүлсэн юм.
Өнөөдөр би та бүхэнд оюун санааны шинэ хувьсгал хийх тухай ярих гэж байна. Өөрөөр хэлбэл “Хөдөөгийн бодлогоор хөгжих шаардлага”-ын талаар ярина. Монгол улсын өнөөгийн хөдөөгийн байдал, Шинэ тосгон хөдөлгөөн дэлхийд хэрхэн хүрээгээ тэлж байгаа болон хөдөөг хөгжүүлэх талаар төрийн бодлого ямар байгааг тус тус ярина. Монгол улсын дөнгөж 10-аад хувь нь малчид буюу бидний соёл иргэншлийн үндэс болсон нүүдэлчин аж ахуй эзэлж байна. Бид 70 сая толгой малтай гэх боловч түүний 86 хувь нь хонь, ямаа байна. Бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт тэлсээр байна. Бэлчээрт мал нь, хотод хүн нь багтахаа больж байна. Хотын сургуульд сурагчид нь багтахгүй, харин сумын сургуульд сурагчид нь олдохгүй болоод байна. Хөдөөг хөгжүүлэх бодлогын тухай өдөр бүр ярьж, УИХ-ын гишүүн бүхэн сайхан амлалт өгдөг ч энэхүү төлөв байдал засрах нь байтугай, улам дордсоор Монголын хөдөө ядуурал, ажилгүйдэлд нэрвэгдээд байна. Төр засгийн явуулж буй бодлого, авч буй арга хэмжээ нь хөдөөгийн хоцрогдлыг зогсоож чадахгүй байна. Монголчууд бид яаж хөгжих тухайгаа судалгаа тооцоотой хэлэлцэхгүй байгаа нь үүний гол шалтгаан юм.
Шинэ тосгон хөдөлгөөний Солонгос улс дахь үйл ажиллагаанд би хэд хэдэн удаа оролцлоо. Эндээс хийсэн дүгнэлтээ товч танилцуулъя. Солонгос улс Шинэ тосгон хөтөлгөөний үйл ажиллагааг хөгжлийн нэгэн загвар болгож байна. Дэлхийн 52 оронд 400-аад тосгон энэ хөдөлгөөнийг өрнүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд олон хүн ядуурлаас гарсан байна. Гэхдээ юу хийж байгаа нь биш ямар үр дүнд хүрч байгаа нь чухал шүү дээ. Энэ ажлын хүрээнд хэдэн хүн ядуурлаас гарч, хичнээн хүн ажилтай болж байна, хэдэн айл хот руу нүүхээ болив гэх мэт үзүүлэлт хамгийн чухал нь. БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад саяхан шоронд орсон Пак Гынхе хатагтайн аав 1972 онд энэ хөдөлгөөнийг эхлүүлсэн. Өнгөрсөн 40 гаруй жилд энэ хөдөлгөөний ачаар улс орноо өөд татсан. Тэр хүн 1972 оны 4-р сард бүх мужийн засаг дарга, хотуудын дарга нараа дуудаад “Шинэ тосгон хөдөлгөөн” эхлүүлэх чиглэл өгсөн. Тэгээд Засгийн газраасаа тосгон бүрт 335 шуудай цемент өгсөн байна. Учир нь, Солонгос улсад үргэлж бороо ордог учраас тосгоны иргэд нь дандаа шавар шавхайтай холилддог хүнд нөхцөлтэй байсан хэрэг. Ингээд Тосгоны дундах замуудыг цементээр бүрж шинэчилсний дараа амьдрах орчин тохь тухтай болсныг олж харцгаасан. Солонгосын хөдөөгийн эрчүүд тэр үед тосгондоо пиво уугаад, хийх ажлаа олж ядаж байсан учраас тэднийг дээрх зам талбай засах ажилд дайчилсан. Тэд гар бие оролцож хийсэн ажлаа хараад маш их урамшсан. Хичээн зүтгэснээр үзэл бодолд нь эргэлт гарч, хамтран зүтгэснийхээ үр дүнг хамтдаа харж, бусадтай харилцах хандлага нь өөрчлөгдсөн учраас Солонгос улс өнөөдрийн хөгжилд хүрсэн байна. Тосгоноо хөгжүүлэх хорооны удирдлагын дор ажлын болон залуусын, эмэгтэйчүүдийн клуб байгуулсан. Хамгийн гол нь хууль ёсны төрийн дэмжлэг нь нүдээ олсон учраас Солонгосчууд амжилтанд хүрчээ. Тосгон болгон эрэгтэй, эмэгтэй дарга томилсон. Эмэгтэй даргатай болсны үр дүнд эмэгтэйчүүд энэ хөдөлгөөнд олноороо орсон байна.

De facto 2

Гэтэл Монголчууд бидний оюун санаанд “Би хувь заяаныхаа эзэн, бид үүнийг хамтдаа хийж чадна” гэсэн ойлголт одоо болтол суугаагүй байна. Бид амьдралынхаа болохгүй бүтэхгүй байгаа бүхэнд төр засгийг буруутгаж, тэднээс гар тосон гуйж хайран цагаа үрж хүүхдүүддээ буруу зуршил үзүүлж байна. Яг үнэндээ таны хувь заяаны эзэн Та өөрөө шүү дээ.
Монголын “Шинэ тосгон” хөдөлгөөний өнөөдрийн байдлыг хөндлөнгөөс хараад ярья. Солонгосын Шинэ тосгон хөдөлгөөний үйл ажиллагаанаас Монголчууд үлгэр жишээ аваад ажиллаж байгааг өнөөдрийн чуулга уулзалтаас Та бүхэн харж байна. Монголд энэ хөдөлгөөнийг цөөн иргэд санаачилсан хэдий ч өнөөдөр олон хүн дэмжиж 10-аад мянган гишүүнтэй болтлоо хүрээгээ тэлээд 13 дахь жилдээ ажиллаж байна. Тэд номын сантай болсон. Налайхад анх удаа гэр хорооллын жишиг гудамжийг усанд орох газартай нь хийсэн байна лээ. Хөдөөгийн тосгонууд тэр болгон төр засгийн дэмжлэг аваад байдаггүй. Нийгмийн үйл хэрэгт өөрөө оролцохгүй хэрнээ төр засгаас бэлэн зүйл хүсээд суудаг сэтгэлгээ өнөөдөр их байна. Иймд бидний хүссэн бүхэн бүх нийтийн оролцоотой ажил үйлс болж, хөдөөгийн хөгжилд нөлөө үзүүлж чадахгүй байна. Орон нутгийг хөгжүүлэх төрийн бодлого оновчтой бус байна. Үр дүн муу учраас сумын төвийн оршин суугчид аймгийн төв рүү нүүж, нийслэл хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсээр байна. Монголын хөдөөгийн хөгжил гацсаар, олон санал санаачилга царцсаар байгаа өнөөгийн байдалд дүгнэлт хийх цаг болсон.
Төр, засгийн өнөөгийн бодлогын талаар хэдэн үг хэлье. Монгол улсын одоогийн Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн байхдаа “Шинэ сум” төсөл санаачлаад зарим суманд хэрэгжүүлсэн. Монгол улсад 331 сум бий. Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг, Дорноговийн Замын-Үүд сумдыг сонгож аваад дээрх төслийн хүрээнд жишиг сум болгох зорилт тавин ажилласан. “Шинэ сум” төслөөр Бууцагаан, Баянлиг суманд 20 ортой 2 давхар нэгдсэн эмнэлэг барьсан. 140 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 120 хүүхдийн дотуур байр барьсан. Мөн инженерийн шугам сүлжээ, явган хүний болон авто зам, уурын зуух, цахилгааны дэд станц зэрэгт нийт 22 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан. УИХ-аас баталдаг төсөв УИХ-ын гишүүн нь идэвхтэй ажилладаг газар руу илүү зарцуулагддаг болсон. Төрийн эрх бариагүй сөрөг намаас УИХ-ын гишүүн сонгогдсон сумууд хохирч эхэлсэн. Тийшээ хөрөнгө оруулалт хийдэггүй. Энэ мэтчилэн Монгол улс бүхэлдээ улс төржсөн, гэр бүлдээ ч улс төржсөн. Түлхүүр хүлээлгэж өгөх зарчмаар барьсан, иргэд өөрсдөө оролцож бүтээгээгүй ямар ч сайхан бүтээн байгуулалт хийлээ гээд тэр бүхэн өөрсдийн болохгүй байна. Засгийн газар 2014 онд 16 суманд энэ төслийг үргэлжлүүлнэ гэж амласан. Тус бүрт нь 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах, нийтийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барьж түлхүүрийг нь гардуулах шийдвэр гаргасан ч Засгийн газар нь төдөлгүй огцорсон. Төсвүүд нь зогссон. Төр засаг огцрохоор бүх төсөв зогсдог. Огт танихгүй гадны хүн ирээд санаачлаад хийсэн юм шиг ийм хандлага бий болсон байна. Сумыг сайн хөгжүүлээд ая тухтай нөхцөл бүрдүүлчихвэл сумын иргэд төв бараадаад нүүхгүй гэж үзсэн хэрэг шүү дээ. Гэхдээ амьдрал дээр ийм биш байна. Хүмүүс хөдөөнөөс явахгүй байх суурь шалтгаан нь тэр хүн одоо байгаа газраа гар бие оролцож хамтран бүтээгээд, сайхан амьдрах ёстой.
Саяхан “Шинэ хөдөө” байгуулах санаачилга бас гарсан. Үүнийг УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ санаачлаад 2016 оноос хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, нийгмийн дунд давхаргыг өргөсгөнө, “Өрх баян бол улс баян” гээд уриалаад ажиллаж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд тодорхой сумдад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хүнс тариаланчид, фермерүүдийн холбоотой хамтран ажиллаж тулгамдсан асуудлуудыг нь судлан, түүнийг шийдэхэд төр засгийн бодит оролцоо бий болгох зорилго тавьсан. Тэдний санал бодлыг сонссон, үйл ажиллагааг нь уялдуулж, санхүүжилтийг 2018 оны төсөвт тусгана гэж ярьсан. Гэтэл Эрдэнэбатын засгийн газар огцорсон, УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ өөрөө Зам тээврийн хөгжлийн сайд болсон. Ингээд шинэ тосгоны хөгжилд УИХ-ын гишүүд нь ямар хэмжээний дэмжлэг үзүүлэх нь тодорхой бус болсон. Сум хөгжүүлэх хоёр дахь санаачилга ийнхүү царцсан. Ингээд бидний “асаасан машин” явахгүй байна. 2000 оноос хойш Монгол улс “хий эргэж” байна. Бензин зараад л байдаг, хашгираад л байдаг, хөгжил урагшаа явахгүй байна. Тиймээс өнөөдөр Монголын ард түмний гуравны нэг нь ядуу амьдарч байна. Ийм учраас Солонгосын “Шинэ тосгон” хөдөлгөөний жишгийг монголд нэвтрүүлж хамтран ажиллах хэрэгтэй байна. Миний бодлоор монголын нөхцөл байдалдаа нийцүүлэн “Шинэ баг” хөдөлгөөн өрнүүлмээр санагддаг. Багаас л улсын амьдрал эхэлж байна. Багийн иргэдийг хамтран ажиллуулж, оньсыг нь хөдөлгөж чадвал Монгол улс хөгжинө. Ер нь Солонгосын Шинэ тосгон хөдөлгөөний үйл ажиллагааг дэлгэрүүлэн Монголд дэмжин ажиллаж байгаа нь маш зөв. Гэхдээ тэр үйл ажиллагааны өнгийг биш агуулгыг нь авмаар байна. Бид хамтдаа ажиллаж байж сайн сайхныг бүтээнэ гэсэн агуулга Солонгос хүний толгойд бат суусан. Энэ агуулгыг л авмаар байна. Бараг гуйлгачин байсан орон, модны навч идэж байсан хүмүүс 40 гаруйхан жилийн дотор хөгжиж, өнөөдөр эдийн засгийн хүч чадлаараа дэлхийн 10 дахь улс, олон улсын 6 дахь том экспортлогч орон болсон. Гуйлга гуйж байсан орон одоо бусдад тусладаг болсон байна. Бид ядуурлаа, ядуурлаа гэхэд арай ч модны навч идээгүй шүү дээ. Тэгээд бидэнд юу дутаад байна вэ?
Манай улсын “Шинэ сум”, “Шинэ хөдөө” төсөл гацаад байгаагийн гол шалтгаан нь төр засгаас сумын иргэдийн оролцоогүйгээр шийдвэр гаргадаг, нэг компанид мөнгө өгөөд түлхүүрийг нь гардуулна гэж ярьдаг, тендер гэдэг зүйлийн дагуу ямар үнэ өртөгтэй юм бүү мэд нэг юм бариад өгчихдөг, тэрийг нь засах гэхээр төсөв хүрдэггүй гээд олон учир шалтгаан байна. Төр засаг нь материал болон санхүүгээр дэмжиж чадвал нийгмийн хөгжлийн эхлэл нь иргэдийн хамтрах чадвартай холбоотой болохоос, удирдлагын чадвартай холбоотой биш юм. Өнөөдөр монголчууд хамтарч ажиллаж байна уу, үгүй юу гэдгээс бүх зүйл шалтгаална. Удирдлагаа бид хянаж чадаж байна уу, үгүй юу гэдгээс бас хамаарна. Бид удирдлагаа сонгож чадаж байна, хянаж чадахгүй байна. Тийм учраас бид ядуу амьдарч байна.
Иргэд хоршиж ажиллахад бид онцгой анхаармаар байна. Үр дүнгээр нь санхүүгийн болон материалын дэмжлэг өгнө үү гэхээс биш, Орон нутгийн хөгжлийн сан гээд дээрээс хэдэн төгрөг өгдөг, түүнийг сумын захиргаа янз бүрийн зүйлд зарцуулаад дуусгаад байна шүү дээ. Хөвсгөл аймагт 30 сая төгрөгийг Орон нутгийг хөгжүүлэх сангаас гаргаж шинээр алдар цол авсан бөхчүүдэд өгсөн байна. Архангай аймгийн Цэнхэр суманд дээрх мөнгөөр баахан хүмүүст хүндэтгэл үзүүлсэн байна. Дархан-Уул аймагт Засаг дарга нь солигдоход орлогч нь шийдвэр гаргаад 6 сарынх нь цалин гээд 8,1 сая төгрөгийг тэр өдөр нь гаргаж өгсөн. Дорноговь аймгийн Даланзадгад суманд ИТХ-ын дарга нь өөрийн хамаатанд 20 сая төгрөгийн зээл олгосон. Увс аймагт 20 сая төгрөгийг Төрийн сангийн даргынх нь нөхөрт өгсөн. Ингээд дампууруулаад байж болохгүй шүү дээ. Дээрх тоо баримтуудыг Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн 7 хоногт ярьсан байна. Ингэж ярьж байгаа нь их юм даа, ярихаа больчихсон байсан юм. Тиймээс иргэд сонгосон удирдлагуудаа сайн хянаж, мөнгө төгрөгтөө, орон нутагтаа эзэн болмоор байна. Ер нь бол Монголын хөдөөгийн хөгжлийн эхлэлийн цэг нь баг юм. Багийн иргэд өвөлжөөний газраа эзэмших ёстой. Хууль ёсоор тэр өвөлжөөг нь эзэмшүүлэх хэрэгтэй. Иргэд өвөлжөөн дээрээ орон гэр, байшин сууц барих хэрэгтэй байна. Тэр газрыг эзэн зарах эрхгүй, зөвхөн үр хүүхэддээ өвлүүлэн эзэмшүүлэх эрхтэй болгомоор байна. Ингэсний дараа хүмүүс орон нутагтааа эзэн сууна. Багаараа нийлээд бэлчээрээ яаж ашиглахаа тохирно. Хамтраад усаа гаргадаг, усыг картаар авч ашигладаг болох гээд хийх зүйл их байна.
Ер нь Монголчууд яаж амьдрах нь бидний гарт байгаа, бидний бодол, оролцооноос их зүйл хамаарна гэж ярилаа.
Сэтгүүлч Ж.ОЮУН

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Манай дарга нар нийтийг хамарсан аянд “Үгүй” гэж хэлсэн үү
  • Олон улсын бизнес форум орон нутгийнханд хаалттай болж байна
  • Олон улсад ”Эрдэнэт үйлдвэр”-ийн шүүхийн шийдвэрийн тухай шуурч байна
  • Орхон аймагт зуд нүүрлэснийг мэргэжлийн байгууллагаас тогтоожээ
  • Эрдэнэтчүүдийн “Эрдэнэт хотын өдөр”-ийн эргэн тойронд
  • Засаг даргын “Батламж” энэ өдрийн “Гэнэтийн бэлэг” болов
  • Ихрүүдэд Эрдэнэтчүүд хүндэтгэл үзүүлэв
  • Эрдэнэтчүүдийн өдөр тохиож байна
  • Хотын захирагчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан болов
  • 1975 оны эцсээр Эрдэнэт 15.7 мянган хүн амтай байжээ
  • МАНЗ-г 1974 оны наймдугаар сарын 30-нд байгуулжээ
  • “Эрдэнэт хотын өдөр”-ийн өмнө Эрдэнэтийн түүхээс тольдвол
  • Арав гаруй хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ
  • Хотын гудамжинд шөнө болдоггүй
  • “Шилэн данс”хөтөлдөггүй нэг ч төрийн байгууллага байхгүй
  • “Эрдэнэт хотын өдөр”-ийн Баярын хөтөлбөр
  • “Гурван бүдүүн”, “Сүнс” хамтлагийнхан оролцсон гала тоглолт болно
  • Цагдаагийнхан “Хайрла, хамгаал” үндэсний аянд нэгдлээ
  • “Эрдэнэт үйлдвэр” ТУЗ-гүй боллоо
  • Ардчиллын партизануудад хүндэтгэл үзүүлжээ
  • ИРГЭД МӨНГӨНДӨӨ, ОРОН НУТАГТАА ЭЗЭН БОЛМООР БАЙНА
  • А.Түвшинжаргал: Цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд залуусын хороолол байгуулна
  • Шуурхай дээр дарга нарт зориулсан бизнес аяллыг санал болгов
  • Зуд болоогүй, сарын дараа зуд болсон эсэхийг шийдэх гэнэ
  • П.Пүрэвлхагва: Бага ангийн багшийг сэлгэн ажиллуулахад тийм их хөрөнгө шаардахгүй
  • С.Ганцогт: Баян-Өндөрчүүдээсээ уучлалт гуйж байна, сум мөнгөгүй учраас ирэх зунаас хаалгаа барихаар боллоо
  • Р.Улаанхүү: Ирээдүйн Ерөнхийлөгч эндээс төрнө гэж итгэдэг
  • Аймгууд амжилтаасаа ухарч байгааг Форумынхан илчлэв
  • Залуу гэр бүлд зориулсан хороолол барина
  • Аймгийн удирдлагууд өөрсдөө хяналт тавьж байна