УИХ-д гурав сонгогдож, 12 жил гишүүнээр ажиллаж "давхар дээл өмсөн" сайд хийж яваа Л.Энх-Амгалангийн танилцуулга, намтар нь хачин гоё, бахархмаар. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийг төгсөж ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль, АНУ-ын Дакотогийн их сургууль БНСУ-ын Хангдоны их сургууль гээд эзэмшсэн боловсролыг нь гоочлох юмгүй ганган. 1992 оноос "МОНЦАМЭ" агентлагт ажлын гараагаа дарга албан тушаалаар эхлүүлсэн МАН-ыг МАХН байхаас өдгөөг хүртэл чин үнэнчээр зүтгэж яваа түүнийг Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалаар бараг шагнасан байх. Ингэж хэлсэний учир нь Л.Энх-Амгаланг хууль зөрчиж, эрх ашгийн зөрчил ханхлуулсан ч томилгоо хийсэн газраас нь огтоос тоодоггүй тул тогтсон ажлаа муу нэртэй луу данстайгаар үргэлжлүүлэн хийж, Боловсролын салбарыг үндсэнд нь дампууруулчихлаа гэж мэргэжлийн хүмүүс үздэг.
Сайдын албан тушаалд очсоноос хойш түүний хийсэн үйлдэл, томилгоо, тушаалуудыг тоочоод барамгүй их юм. Хаанаас нь эхэлж, алийг нь бичихээ мэдэхгүй толгой эргэм албан тушаалын, амраг садны, ажлын томилгоонуудаас цөөхөн хэдэн баримтыг сийрүүлэн дурьдая. Тэрбээр анх л сайдын албанд очихдоо арзайсан дагуулуудаа чирч очоод БСШУСЯ-д бүгдийг нь шингээчихэж. Үндсэн мэргэжил, ажлын дадлага, ур чадвар бол бүр хамаагүй. Зүгээр л баруун солгойгүй дарга томилоод л өнөөдөр ч үргэлжилж байгаа гэнэ. Б.Гантулгыг Сангийн сайд Б.Жавхлангийн сонгуульд ажилласан гэж шагнаад Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилсон. Одоо Монгол Улсын боловсролын гол бодлогыг боловсруулагч Ерөнхий боловсролын газрын даргаар ажиллаж байгаа. Мөн Ш.Энхтуулыг Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн албан тушаалд томилсон. Хөвсгөл аймгийн гаралтай энэ эмэгтэй нь Боловсролын зээлийн сангаар дамжуулан яаманд орсон оёдлын инженер мэргэжилтэй, албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангахгүй байхад томилсон.
Л.Энх-Амгалангийн Сонгуулийн штабын дарга гэх Ш.Алтангэрэлийг Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулалтын газрын даргаар томилсон байдаг. Энэ хүн уг албан тушаалд тавигдах шаардлага хангахгүй. Үүнээс гадна н.Байгаль гэж хүнийг Боловсролын ерөнхий газрын Төрийн захиргааны даргаар авсан. Хөвсгөл аймгийн гаралтай Б.Сайнбаяр гэх хуульч мэргэжилтэй хүнийг албан тушаалд тавигдах шаардлага хангахгүй байхад Санхүүгийн албанд, Хөвсгөл аймгийн гаралтай н.Сансар гэх эмэгтэйг шагнал хариуцсан мэргэжилтнээр, өөрийнхөө туслах н.Онончимэгийг Хуулийн хэлтсийн мэргэжилтнээр хууль зөрчин ажиллуулж байна. Өөрийн арван жилийн сургуулийн ангийн найз н.Энхжаргалыг Татварын газарт ажиллаж байхад нь татан авчирч Боловсролын яаманд газрын даргаар, н.Гантуяаг Боловсролын яамны Хэлтсийн даргаар, н.Оюунааг Бодлого төлөвлөлтийн газрын даргаар тус тус томилсон гээд ямар ч байсан яаманд ойрын хамааралтай хүмүүсээ бүрэн чихсэн. Энэ бол ердөө л эхлэл нь. Үргэлжлүүлээд цааш нь ярих уу, яах уу гэмээр олон томилгоо албан шийдвэр, тушаалууд байна.
Эдгээрээс ганцханыг онцлоё. Л.Энх-Амгалан сайд 2022 оны зургадугаар сарын 6-ны өдрийн А 200 дугаар тушаалаараа "...гэрээний дагуу Монгол улсад тав болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн даатгал төлж байгаа хавсралтад дурдсан нэр бүхий 10 хүний гэрээний биелэлтийг тооцон гэрээг дуусгавар болгосугай" гэсэн тушаал гаргажээ. Угтаа бол дэлхийн шилдэг их сургуульд 2010 оноос хойш суралцсан хүмүүс зээлээ эргэн төлөх үүрэгтэй. Гэтэл Боловсролын сайд өөрийнхөө гаргасан тушаалыг зөрчин 24 сар ажилласан суралцагчийг зээлийн үүргээс чөлөөлсөн хууль бус үйл ажиллагаа хийсэн байна.
“Гуя дагуулж хүзүү” гэдэгчлэн, сургалтын зээлээс чөлөөлсөн арван хүний дотор Канад улсын Торонтогийн их сургуулиас улс төр судлаач мэргэжлээр төгсөж ирсэн Амараа овогтой Мөнхжингийн нэрийг шургуулчихаж байгаа юм. А.Мөнхжингийн эцэг Ц.Амараа нь Газрын тосны газрын орлогч даргаар ажиллаж байсан нэгэн. Энэ мэтчлэн хууль зөрчсөн олон баримт хөвөрсөөр, дуусахгүй атал өнөөх сайд Л.Энх-Амгалан “Уран үгээр донгодсон намтар, түүхээ танилцуулсаар УИХ-ын 4-р тойрог Хөвсгөл, Булган, Орхон аймгаас гишүүн болно” гэчихсэн явна. Бодвол нөгөө олон ажилд томилсон хууль бус дарга, цэргүүд нь сайхан намтрыг нь танилцуулахаар уншигч таньтай уулзах л байх даа
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.