Аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын Хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зүйч П.Болорчимэгтэй “Тэмүүлэлтэй Өсвөр нас” клубийн талаар ярилцлаа. Үе тэнгийн дээрэлхэлт, өсвөр насныханы бэрхшээл, тэдний олон асуудал зэргийг шийдэхэд нь туслах зорилгоор нээсэн уг клубт ирсэн хүүхдүүд өөрсдийнхөө тухай ярилцаж эхэлсэн байна.

-Клубийн үйл ажиллагаагаар дамжуулж нийгэмд үзүүлэх гол уриалга юу вэ?
-“Тэмүүлэлтэй өсвөр нас” клуб нь 11–12 дугаар ангийн сурагчдад зориулан санаачлан байгуулсан, өсвөр үеийнхний хувь хүний хөгжил, амьдралын ур чадвар, сэтгэл хөдлөл, харилцаа, санхүүгийн боловсрол болон карьерын чиг баримжааг дэмжих хөгжлийн клуб юм. “Өөрийгөө нээ. Зорилгоо тодорхойл. Ирээдүйгээ бүтээ” гэсэн уриатай.
Өсвөр нас бол хүүхэд өөрийгөө танин мэдэж, ирээдүйнхээ талаар чухал шийдвэрүүдийг гаргаж эхэлдэг онцгой үе. Ялангуяа ахлах ангийн сурагчдад “Би цаашдаа юу хийх вэ?”, “Ямар мэргэжил сонгох вэ?”, “Би юунд дуртай, юунд илүү сайн бэ?”, “Миний ирээдүй ямар байх вэ?” гэсэн олон асуулт гарч ирдэг. Тиймээс хүүхдүүдэд зөвхөн хичээлийн мэдлэгээс гадна өөрийгөө таних, зөв сонголт хийх, зорилго тавих, сэтгэл хөдлөлөө ойлгох, зөв харилцах, санхүүгээ удирдах, ирээдүйгээ төлөвлөх зэрэг бодит амьдралд хэрэгтэй ур чадварыг эзэмшүүлэх хэрэгцээ их байдаг. Дээрх хэрэгцээнд үндэслэн “Тэмүүлэлтэй өсвөр нас” клубийг санаачлан байгуулсан.
-Анхны уулзалтаа хийсэн үр дүнгээ хуваалцахгүй юу? Зорилго, алсын хараа өсвөр насныханы эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд юу хийхээр төлөвлөсөн бэ?
-Клубийн анхны уулзалтад арав гаруй хүүхэд ирсэн. Цаашид энэ тоог нэмэгдүүлэхийн тулд тогтвортой үйл ажиллагаа явуулах нь чухал юм. Бид гол зорилгоо, өсвөр үеийнхэнд өөрийгөө танин мэдэх, давуу тал, сонирхол, үнэт зүйлээ тодорхойлож, зөв сонголт хийхэд нь дэмжинэ. Зорилгоо тодорхойлон ирээдүйгээ төлөвлөхөд шаардлагатай мэдлэг, ур чадвар, эерэг хандлагыг хөгжүүлэхэд туслах юм. Мөн клубийн алсын харааг өөрийгөө таньдаг, зорилготой, итгэлтэй, хариуцлагатай, зөв шийдвэр гаргах чадвартай, ирээдүйгээ бүтээж чаддаг өсвөр үеийнхнийг дэмжих хөгжлийн орчин бий болгохыг зорьж байна.
Цаашид клубийг тогтвортой хөгжүүлж, илүү олон өсвөр үеийнхнийг хамруулан, хүүхдүүдэд өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил сонголт хийх, ментор болон мэргэжилтнүүдтэй уулзах, санаачилгаа хэрэгжүүлэх боломжийг бий болгохыг зорьж байна.
-Үйл ажиллагааны ямар хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Клубийн үйл ажиллагаа дараах 5 үндсэн чиглэлээр хэрэгжинэ. Өөрийгөө нээх, Ирээдүй ба карьер, Санхүүгийн боловсрол, Харилцаа ба сэтгэл хөдлөл, Зорилго ба амьдралын төлөвлөгөө гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Клуб зөвхөн лекц сонсох хэлбэрээр бус, ярилцлага, өөрийгөө үнэлэх дасгал, тест, багийн ажил, тоглоом, хэлэлцүүлэг, бүтээлч үйл ажиллагаа, өөрийн туршлагаа хуваалцах зэрэг оролцоонд суурилсан арга хэлбэрээр зохион байгуулна.
-Танай клубийн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд ямар боломж нэмэгдэх вэ?
-Клубийн үйл ажиллагаанд хамрагдсанаар хүүхдүүд өөрийн давуу тал, сонирхол, үнэт зүйлээ илүү сайн танина. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, ирээдүйн мэргэжил, карьерын сонголтын талаар илүү бодит ойлголттой болно. Сэтгэл хөдлөлөө ойлгож, зөв удирдах чадвараа хөгжүүлнэ. Харилцаа болон багаар ажиллах чадвараа сайжруулна.
Хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн сурагчдад батламж олгоно. Бид өсвөр насны хүүхэд бүрийг “Би хэн бэ?”, “Би юунд сайн бэ?”, “Би юу хүсэж байна вэ?”, “Би хаашаа явах вэ?”, “Би өнөөдөр үүний төлөө юу хийж чадах вэ?” гэсэн асуултуудад өөрийнхөөрөө хариулж чаддаг болоосой гэж хүсэж байна. Учир нь хүүхдийн ирээдүй зөвхөн дүн, дипломоор хэмжигдэхгүй. Өөрийгөө таних, зөв шийдвэр гаргах, бусадтай зөв харилцах, сэтгэл хөдлөлөө удирдах зорилго тавьж түүндээ хүрэх чадварууд нь насанд хүрсэн үед амьдралын чухал суурь болдог.
Монголд өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, өөрийгөө илэрхийлэх, харилцаа, карьерын чиг баримжаа зэрэгт чиглэсэн клуб, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа нь энэ төрлийн хөгжлийн орчны хэрэгцээ байгааг харуулж байна.
Л.Гэрэл
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67














Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.