“Зуу насалж зургаадай таяг тулсан” Дүгэрийн Гончигдагва гуайтай уулзахаар гэр рүү нь явж байхдаа баярлах бахдах сэтгэл төрж байлаа. Хүний хорвоод ирсэн хэн бүхэнд тохиогоод байхгүй аз тохиолоор өдгөө 100 насны босго давсан Д.Гончигдагва гуай отгон охин Г.Даваадуламынхаа асаргаанд тэнхлүүн сайхан амьдарч байна.
Д.Гончигдагва гуай отгон охин Г.Даваадуламын хамт
Булган аймгийн Баян-Агт сумын 3-р бригадын Шар хадны ард Сүүл толгой гэдэг газар 1926 онд Дүгэрийн хүү болон заяажээ. Тэрбээр айлын ганц хүү, аав ээжийнхээ гар дээр торгонд хөлбөрч өсчээ. Аав Дүгэр нь хамтрал комуны дарга хийж явсан, нутаг усандаа боловсролтой нэгэн байж. Хүү сумандаа 4-р анги төгсөөд, зургаадугаар ангид орох жил 1940 онд аав нь бурхан болж, ээжтэйгээ малаа маллахаар хөдөө гарчээ. Крилл бичиг сурсаны хажуугаар босоо монгол бичгээ мартахгүй гэж мориныхоо аргамжаагаар газар дээр бичсээр хос бичигтэн болсон гэдэг. Одоо хүртэл монгол бичгээр сайхан бичдэг Д.Гончигдагва гуай хорин хэдэн настай байхад суманд нь Маршал Ю.Цэдэнбал дарга ирсэн. Энэ үеэр түүнийг үг хэлүүлсэнийг одоог хүртэл мартахгүй санан дурсдаг.
Д.Гончигдагва гуай 1944 оноос ажил хөдөлмөрийн гараагаа Баян-Агт сумандаа “Их нөхөрлөл” нэгдэлд бригадын даргаар эхэлж, аж ахуйн нярав, “Хануй” бригадад тоо бүртгэгч зэрэг албыг нэр төртэй, хариуцлагатай хашиж явсан. Өндөр настны тэтгэвэрт гарах хүртлээ 1970-1991 он хүртэл Баян-Агт сумынхаа ой ан, байгаль хамгаалагчаар ажилласаар байжээ.
Булган аймгийн Баян-Агт сумын уугуул Д.Гончигдагва
Д.Гончигдагва гуай Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Бадамын Оюунтай гэр бүл болж, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлжээ. Хань Б.Оюун нь ар гэрийн амьдралаа авч явдаг, ажилсаг хөдөлмөрч хүн байж, дал гаруй насандаа өөд болсон. Сайхан хань нь дөрвөн сайхан хүүхэд, тэдгээрээс төрж дэлгэрсэн удам угсааг нь залгамжлах үрс, хойчсыг үлдээсэн. Том хүү Г.Төмөрбаатар нь Булган аймгийн Хангал сумын Засаг дарга, Дашинчилэн сумын орлогч дарга, Булган аймгийн Шуудан холбоо, Шуудан банкны дарга хийж явсан. Өндөр насны тэтгэвэрт гарахын өмнө Булган аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст мэргэжилтэн байсан. Удаах охин Г.Дарьсүрэн социализмын үед Баян-Агт сумын “Их ирээдүй” нэгдлийн саальчин байхдаа улсын Аварга болж, сум, аймаг, Ардын Их хурлын депутатаар сонгогдож явсан алдартай хөдөлмөрч хүн. Булган аймгаас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Дагвасамбуу баатартай хамт авахуулсан зураг нь дээрхийг гэрчилнэ, одоо нутагтаа малаа хариулж яваа. Дараагийн охин Г.Даваасүрэн Эрдэнэтийн Нэгдсэн эмнэлэгт Шүдний техникчээр 20 гаруй жил ажиллаад, хувийн Шүдний эмнэлэг байгуулж явсан. Өнөөдөр Булган аймгийн төвд хувийн шүдний эмнэлэгт ажиллаж байна. Харин 100 настай аавыгаа асарч яваа отгон охин Г.Даваадулам УБИС, Улс төрийн Их сургууль төгссөн, “Эрдэнэт Хүнсний зах”-ыг орон нутгийн өмчид байхад нярав, менежер хийж, одоо аж ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж байна.
Д.Гончигдагва гуайн гурван охин Г.Дарьсүрэн, Г.Даваасүрэн, Г.Даваадулам нар
Д.Гончигдагва гуай “Миний өндөр нас насалж, эрүүл биетэй байгаа нь төрсөн нутгийнхаа уул ус, ургамал, амьтан бүгдийг хамгаалж явсаныг минь шагнасан шагнал” гэж ярих дуртай. Иймдээ ч морь унаад хэдэн өдрөөр гэрийн ажлаа орхиод уул хадаар явж, байгаль хамгаалагчийн ажлаа хийдэг хүн. Ямар сайндаа л амьдралдаа ганц удаа ч малын гол тасалж үзээгүй, гэр орныхон нь идэш уушаа хийх үед морио унаад ажлаа хийгээд явчихдаг байсан гэж охин нь ярив. Баян-Агтынхан Д.Гончигдагва гуайг “Хөвчийн хөх Гонио” гэж авгайлан дууддаг нь энэхүү буянтай үйл бүтээсэн гавьяа зүтгэлийг нь үнэлсэн хэрэг.
Үндсэн ажлынхаа зэрэгцээ Д.Гончигдагва гуай цас их орж, өвөлжилт хүндэрсэн жилүүдэд нэгдлийн малчдын сууриудад очиж, айлуудыг нүүлгэх, хашаа хороог нь барилцах, мал төллүүлэх, хонь хариулах зэргээр тусалж, залуу байхын бусдын төлөө сэтгэлтэй хүн байжээ. Хануйн гүүрний суурийг босгоход гар бие оролцож, рашаанд амрагчдыг гол усаа хамгаалахад шаардлага тавьж, хүүхэд залууст зааж сургаж явсан нутаг усныхаа атга шороо, мод бут сөөгийг хайрлаж хамгаалж явсан эгэлгүй ачтан. Баян-Агт сумын 100 жилийн ой 2025 онд тохиоход, сумын удирдлага, нутгийнхан нь Д.Гончигдагва гуайн Зодог тайлах ёслолыг хийсэн. Залуу зандан байхдаа бөх барилдаж, сумын заан цолтой явсан гэдэг.
Төрсөн сумаасаа ганц насаар дүү азай буурал өдгөө 100 насны буян хишгийг эдэлж сууна. Гэр дотроо хөнгөхөн алхаж, өдөрт багахан хайлмаг тос идэж, тараг уучихаад л сууж байх. “Аав маань бие хөнгөн хүн, чих нь бага зэрэг хатуу, түүнээс оюун ухаан цэлмэг, бидэнд хол ойрын яриа дуулгадаг” хэмээн отгон охин Г.Даваадулам хуучлав. Өөрөөсөө ургасан үр хүүхэд, ач зээ, үндэс угсаагаа дэлгэрүүлж яваа Д.Гончигдагва гуайг нутгийнх нь уул ус, хайрхан, гол мөрөн мөнхөд ивээсээр байх болтугай.
М.МӨНХЦЭЦЭГ
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67


















Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй.